Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв өргөжнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-05-21 12:04:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага, Мобиком корпораци өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Засгийн газрын 2016 оны 55 тоот  тогтоолоор ГБХЗХГ-ын дэргэд “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийг байгуулсан. Тус төвд сард дунджаар 10 мянга гаруй дуудлагын хандалт ирдэг. 
 
2017 онд 144869 дуудлага хүлээн авснаас 3173 тохиолдлыг  аймаг, орон нутгийн ГБХЗХГ, хэлтэс, хамтарсан багт шилжүүлж, 63 хувийг бүрэн шийдвэрлэж, 1392 тохиолдлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.  Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар шинэчлэн баталсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын заалтад Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн тээврийн хэрэгсэлд тусгай болон гэрлэн дохио тавьж хэрэглэх тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг шийдвэрлэж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж сайжирч буй юм.

Энэ үеэр ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх хэлэхдээ, “Өнөөдөр хүүхдийн тусламжийн 108 утас нь 24 цагийн турш сардаа 10 мянга гаруй дуудлага хүлээн авч, хүүхдийн эрхийн зөрчил дээр очиж шуурхай тусламж үзүүлж байна. Бид өнгөрсөн онд 108 утасны төвийн дэргэд хамгаалах байр байгуулж, шуурхай тусламжийн машинтай болсон нь хувийн хэвшил болон олон улсын байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагаа юм. Хамтын ажиллагааны санамж бичгээ үргэлжлүүлж буй нь монголын хүүхдүүдийн хувьд том аз юм. Тиймээс Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага болон Мобиком корпорацийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.
Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада, “Хүүхэд бол маш эмзэг, томчуудын туслалцаа дэмжлэг тэдэнд хамгийн их хэрэгтэй байдаг. Ялангуяа хүүхэд бүр амьдарч буй орчиндоо аюулгүй амьдрах нь чухал. Манай байгууллага нийгмийн хариуцлагын үүднээс Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй нь ирээдүй хойч үедээ оруулж буй хөрөнгө оруулалт” хэмээсэн бол Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филипп Эверт, “Аливаа ажлыг сайн хийхэд түншлэл хамгийн чухал. Монголын мянга мянган хамгаалал шаардлагатай хүүхдүүд 108 утас  руу залгаад тэдэнд “Биднийг хамгаалдаг хүмүүс байдаг юм шүү” гэсэн итгэл найдвар төрүүлж байгаадаа бид баяртай байна. Бидэнд цаашид хийх маш их ажил бий. Дэлхийд 108 утасны үйлчилгээ нь шилдэг туршлага болгохын төлөө бид хичээн ажиллах болно” гэдгээ хэлсэн юм.
 
2018 онд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн программын 3 дугаар шатны шинэчлэлийг хийж, хүний нөөцийг мэргэшүүлэх, дуудлагын тоог нэмэгдүүлж, онлайн чат, утасны мессэжээр зөвлөгөө, мэдээлэл өгч, хариу үйлчилгээг чанаржуулна гэдгийг талууд энэ үеэр онцолж байлаа.
 

Холбоотой мэдээ