Д.Хаянхярваа: Таван Толгой төслийг хөдөлгөх чиглэлээр ирэх долоо хоногт улс төрийн шийдэл гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-21 15:51:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Таван Толгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх, үр ашгийг нь нэмэгдүүлэх талаар Засгийн газрын саналыг сонссон байна. Ингэхдээ "Эрдэнэс Таван Толгой"-н 30 хувьд олон улсын зах зээлд IPO гаргахаар судалж, ирэх долоо хоног гэхэд төслийн асуудлаар улс төрийн шийдэл гаргахаар санал нэгджээ.  

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв. Тэрбээр “Засгийн газар Таван Толгойн ордыг хөдөлгөх төслийн саналаа танилцууллаа. Бүлгийн гишүүд Засгийн газрын саналтай танилцан, боломжтой хувилбар байх магадлалтай тул цаашид судалж үзэхээр байр сууриа нэгтгэв. Энэ долоо хоногт дахин нухацтай хэлэлцэж, тооцоо судалгаа, үндэслэлтэй танилцаад эцсийн шийдээ гаргахаар ярилцлаа. Төрийн өмчит "Эрдэнэс Таван Толгой"-г 100 хувь гэж үзэн 30 хувьд олон улсын зах зээлд IPO гаргаж, дагалдах дэд бүтэц, үйлдвэр аж ахуйн газруудын тооцоо судалгааг гаргана. Ирэх долоо хоногт Таван Толгой төслийг хөдөлгөх чиглэлд МАН-ын бүлэг улс төрийн тодорхой шийдэл гаргах тал дээр хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн" гэлээ.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Энэ асуудлаар бүлэг Ажлын хэсэг байгуулах уу?
-Эцсийн байдлаар шийдээгүй байгаа учраас бүлэг  дээр Ажлын хэсэг байгуулагдаагүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар бүх зүйлээ бүрдүүлж бэлэн болгоод бүлэгт танилцуулах учиртай. Үүний дараа АН-ын бүлэг болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ зэрэг шат шатны түвшнээр хэлэлцүүлнэ.

-Таван Толгойн төмөр зам, цахилгаан станцын талаар ямар хувилбар дэвшүүлсэн бэ?
-Бүх санал яригдсан. Зам, цахилгаан станц, тээвэрлэлт, борлуулалт, ложистик зэргээ хэрхэх талаар бүгд яригдсан. Том төсөл учраас дахиж нягтлан ярилцах шаардлага байгаа.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн асуудлаар ярилцсан болов уу?
-Ерөнхийлөгч болон УИХ-аас оруулж ирсэн саналыг бүлэг дэмжих шийдвэр гаргасан. 

-УИХ-ын  дарга ЗГХЭГ-ын дэд дарга Ш.Солонгын нэрийг дэвшүүлсэн гэдэг нь үнэн үү?
-Яригдсан.

-Өөр хувилбар бий юу?
-Ерөнхийлөгчийн зүгээс ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү, Б.Буяндэлгэр, Төрийн өмчийн хорооны даргаар ажилллаж байсан Ц.Нанзаддорж гэсэн гурван хүнийг нэрийг дэвшүүлсэн.

Н.Гантуяа
Холбоотой мэдээ