Бичил уурхайчдын зөвлөлгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-23 13:00:02
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн “Бичил уурхайчдын зөвлөлгөөн-2018” өнөөдөр болж байна. Ашигт малтмалыг бичил уурхайн зохион байгуулалтын хэлбэрээр ашиглах санал санаачлагыг идэвхжүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-аас энэхүү зөвлөлгөөнийг хийж байгаа аж.
Зөвлөлгөөнд Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл” болон аймгийн холбогдох албадын мэргэжилтнүүд, 19 сумын төлөөлөл, ТББ-ууд, нөхөрлөлийн гишүүд, бичил уурхай эрхлэгчид зэрэг 120 гаруй хүн оролцож байна. Энэ үеэр Ашигт малтмалыг бичил уурхайн хэлбэрээр ашиглах хууль эрх зүйн орчны талаарх мэдлэг, ойлголтоо сэргээх, нэмэгдүүлэх, Бичил уурхайгаар ашиглаж болох газар сонгох, баталгаажуулах, албажуулах, ойлголтоо жигдрүүлэх, талууд хоорондоо зөв мэдээлэл солилцдог болох, Ашигт малтмалыг бичил уурхайгаар ашиглах иргэд, нөхөрлөлийн санал санаачлагыг дэмжих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Аймгийн хөгжлийн бодлогын баримт бичигт бичил уурхайн талаарх асуудлыг тусгах хэлэлцүүлэг өчигдөр мөн болсон бөгөөд энэ үеэр бичил уурхайн талаар тусгах асуудлуудыг тодорхой болгосон байна. Увс аймгийн хувьд бичил уурхайчид цөөнгүй байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд тэднийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, бүлэг нөхөрлөлийн журмаар ажиллуулж эхлээд байгаа юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ