“Гүйе!, Түүе!” уриатай шинэ фитнесийн төрлийг Монголд нутагшуулна

Монголын мэдээ | Нийгэм
gantuya@montsame.mn
2018-05-24 12:19:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гүйе!, Түүе!” уриан дор нийслэлийн ногоон бүсийг цэвэрлэх сайн дурын аяны эхлүүлж буй талаар  Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд өнөөдөр зохион байгуулагчид нь мэдээлэл хийлээ.

Маргааш буюу 25-ны өдөр “Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ” үйл ажиллагааны хүрээнд БЗД-ийн нутаг дэвсгэрт 5-6 км орчим газрыг цэвэрлэх юм. Энэхүү үйл ажиллагааг Нийслэлийн оршин суугчдын ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэх, мөн хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдол, халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор зохион байгуулж байгаа аж.
Тус аяныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч гурван агентлаг хамтран зохион байгуулж буй бөгөөд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хотоор гүйх зуураа хог түүж, байн байн бөхийн суух нь жирийн гүйлтээс илүү ач холбогдолтой гэнэ. Бид энэхүү үйл ажиллагааг Монголд шинэ соёл болгож, нутагшуулах зорилготой. Цаашдаа залуучууд үүнийг хэвшил болгох байх” гэж хэллээ.
Гүйнгээ хог түүх энэхүү фитнесийн төрөл нь Швед Улсад үүссэн бөгөөд сүүлийн үед олон улсад дэлгэрээд байна. Монгол Улсын хувьд цаашдаа сар болгон тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Тус цэвэрлэгээнд оролцох хүсэлтэй иргэд өглөө 9:00 цагт Хангарди ордны үүдэнд цуглах юм байна.
Б.Уянга
Холбоотой мэдээ