Ираны цөмийн хэлэлцээрээс гарах нь Хятад болон Иран улсын хамтын ажиллагаанд нөлөөлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-28 12:22:18
БЭЭЖИН. /ТАСС/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс татгалзах нь Хятад болон Ираны эдийн засгийн хамтын ажиллагаанд нөлөө үзүүлнэ гэж Хятадын гадаад хэргийн сайдын туслах Жан Ханьхуэй мэдэгджээ.  
 
Тэрбээр хэлэхдээ “Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө хэрэгжихгүй бол Хятад болон Ираны эдийн засгийн салбар дахь хамтарсан төслүүдэд ноцтой саад тотгор үүснэ. Хятад болон Иран улс уг хэлэлцээрийг дагаж мөрдөх үндсэн дээр харилцан ашигтай хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх болно. Хятад, Орос болон бусад улс энэ асуудлаархи нягт харилцаа холбоог дэмжиж байгаа. Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэнэ гэж бид найдаж байна” гэжээ.  
 
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 8-нд зарласан юм. Үүний дараа Европын Холбоо Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ цаашид биелүүлсээр байхыг тус хэлэлцээрт оролцогч бүх улсад уриалсан юм.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ