Д.Цогтбаатар: ШХАБ-ын үеэр Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүнүүд уулзахаар төлөвлөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-28 15:40:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ, АНУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ОХУ-ТАЙ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ ТАЛААР СУДАЛЖ ЭХЭЛЛЭЭ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-д тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж, ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавров болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийн, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг дээшлүүлэх тал дээр санал солилцжээ. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ОХУ-д хийх албан ёсны айлчлалыг энэ онд багтаах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Монгол Улс ОХУ-тай хийж байгаа худалдааг өнөөдрийн байгаа түвшингээс тэлж, Монголын экспортыг нэмэх замаар нийт худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцжээ. Энэ хүрээнд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Чөлөөт худалдааны хэлэлцээрийн судалгааны ажлыг эхлүүлэхээр болжээ. Үүнээс гадна ОХУ-аас авах 100 тэрбум рублийн зээлийн хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, төмөр замын чиглэлд хөрөнгө оруулахаар тохиролцоонд хүрчээ. Энэ зээлээр III, IV-р цахилгаан станцыг өргөтгөх, төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Ирэх зургадугаар сард БНХАУ-ын Чинтао хотноо зохион байгуулагдах ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, Монгол, БНХАУ-ын төрийн тэргүүн нар Гурван талт уулзалт хийхээр төлөвлөж байгаа. Уг уулзалтын үеэр гол яригдах асуудал нь гурван талт хамтын ажиллагаанууд байх бөгөөд эдийн засгийн коридорыг хөндөж ярилцах аж. Энэ хүрээнд 32 төсөл хөтөлбөр төлөвлөж байгаагаас эхний ээлжинд төмөр зам, цахилгаан дамжуулах сүлжээ, авто замын төслийг эхлүүлэх юм. Авто замын хувьд Азийн хурдны замыг Монголоор дайруулахдаа гурван талаас хөрөнгө оруулж бүтээн байгуулах хүсэлт тавьсныг хоёр хөрш нааштай хүлээж авчээ.  

Мөн ОХУ дахь айлчлалаар ирэх жил болох Халхын голын ялалтын 80 жилийн ойг хамтарч тэмдэглэх талаар ярилцаж тохиролцсон бөгөөд батлан хамгаалахын чиглэлээр техникийн хамтын ажиллагаагаа лавшруулж урагшлуулах, дипломатуудаа сургах, сургалтын хөтөлбөрийн асуудлыг ярилцжээ.

ЕРӨНХИЙ САЙД ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР АНУ-Д АЙЛЧИЛЖ
МСК-ИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРНА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-д тавдугаар сарын 18-22-ны өдрүүдэд айлчилж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, Ерөнхийлөгч Д.Трампын зөвлөх Болтон, АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийн дарга, Конгрессын гишүүн Дон Яанг, Мянганы сорилтын корпораци (МСК)-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Нэш болон Төрийн департаментын удирдах албан тушаалтнуудтай уулзаж ярилцжээ. Монголыг чиглэсийн бодлогыг гаргадаг, Төрийн департаментад зөвлөгөө өгдөг чухал үүрэг бүхий хүмүүстэй уулзаж ярилцсанаараа онцлог байсан талаар Гадаад харилцааны сайд онцолж байв. 

Айлчлалын хүрээнд Мянганы сорилтын сангийн хоёр дахь шатны гэрээнд гарын үсэг зурах бэлтгэл ажлыг бүрэн хангаж дууссан юм. Ингэснээр 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монголд үзүүлж, Улаанбаатар хотын ундны усны хангамжийг сайжруулах, нэмэгдүүлэхэд зарцуулах аж. Суурь судалгааг маш нарийн хийсэн бөгөөд зөвхөн иргэдийн усан хангамж бус технологийн шинэчлэлээр аж үйлдвэрийн зориулалтаар саарал ус ашиглах, нийслэлийг баруун тийш тэлж хөгжүүлэх дэд бүтцийн суурь болох юм.  

Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын талаар ярилцсан байна. Ингээд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх зургадугаар сарын гуравдугаар хагаст айлчлал хийхээр тохирчээ. Үүнээс гадна хоёр орны харилцааг цаашид ахиулж Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж хөгжүүлэх талаар ярилцжээ.  

Цаашид худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, ноос, ноолуур, даавуун бараа бүтээгдэхүүнийг экспортлох, Америкаас Монголд хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи нэвтрүүлэх хамтын ажиллагааг өргөтгөх, эрчим хүчний аюулгүй байдалд тодорхой дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах ярилцсан байна. Мөн боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг чухалчилж, Монгол Улсын бүх дунд сургуульд төрөлх англи хэлтэй багш ирж ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. АНУ-ын зүгээс судалж үзнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Санкт-Петербургийн уулзалтын үеэр ОХУ-Монголын Транзит тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурах хүлээлттэй байсан. Энэ хэлэлцээр хэзээ байгуулагдах вэ?
-Монгол, ОХУ-ын транзит тээврийн гэрээнд гарын үсэг зурах ажил бүрэн бэлэн болсон. Ойрын хугацаанд зурахаар тодорхой ярилцаад тун удахгүй тохирно.

-Монгол Улс ШХАБ-д элсэх талаар ярьж байна. Энэ асуудалд ГХЯ ямар байр суурьтай байна вэ?
-Энэ байгууллагад Энэтхэг, Пакистан хоёр улс нэгдсэн,  2015 онд ШХАБ өөрийн стратегийн баримт бичгээ боловсруулснаас хойш энэ байгууллагын талаарх нөхцөл байдал олон улсын түвшинд өөр болж байгаа. Тиймээс манай яам мэргэжлийн түвшинд нээлттэй, нарийвчилсан судалгаа хийгээд, өөрийн байр сууриа эцэслэн гаргахаар ажиллаж байна. Ерөнхийлөгч нарын Гурван талт уулзалтыг хийх бэлтгэл ажлын хүрээнд Гадаад харилцааны дэд сайд нар яг өнөөдөр уулзалт хийж байгаа. 
Н.Гантуяа 
Холбоотой мэдээ