Турк улс F-35-ын оронд Оросын Су-57 сөнөөгч онгоцыг худалдан авч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-28 15:51:39
АНКАРА. /ТАСС/. Хэрвээ АНУ F-35 сөнөөгч онгоцоо Туркэд нийлүүлэхээс татгалзвал Орос улсаас Су-57 сөнөөгч онгоцыг худалдан авах боломжийг Турк улс судалж байгаа тухай Yeni Şafak сонинд бичжээ. 
 
Туркийн тус сонинд бичсэнийг үзвэл, энэ оны 6 дугаар сард нийлүүлж эхлэх Америкийн онгоцуудаас Туркийн эрх баригчид татгалзах бодолгүй байгаа бөгөөд энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй аж. 5 дугаар үеийн Су-57 онгоц нь Америкийн Ф-35-аас бараг хоёр дахин хямд бөгөөд хамгийн боломжит нөөц хувилбар гэдгийг Туркийн сонинд дурдсан байна.
 
Энэ сарын 25-ны өдөр АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Пентагоны 2019 оны санхүүгийн жилийн төсвийн тухай хуулийн төслийг баталжээ. Хуульд зааснаар, Оросын С-400 зенитийн пуужингийн цогцолборыг Турк улс худалдан авсан талаархи тусгай илтгэлийг танилцуулаагүй тохиолдолд Батлан хамгаалахын сайд нь Америкийн зэвсгийг Туркэд нийлүүлэх эрхгүй болж байгаа аж. 
 
Турк улс 100 гаруй нэгж F-35A сөнөөгч онгоцыг АНУ-аас худалдан авах гэж байгаа тухайгаа мэдэгдэж байсан юм. Харин Америкийн хууль тогтоогчдын авсан дээрх арга хэмжээ нь сөнөөгч онгоц худалдан авах хэлцэлд томоохон саад тотгор болж магадгүй байна.
 
25-ны өдөр Туркийн ГХЯ-ны төлөөлөгч Хами Аксой мэдэгдэхдээ “хэрвээ Вашингтон Ф-35-аа нийлүүлэхээс татгалзвал Турк улс тодорхой арга хэмжээ авна” гэсэн юм.
 
Э.Аянзаяа

Холбоотой мэдээ