Банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох хуулийн төслийг дэмжсэнгүй

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-05-30 12:22:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнээс өргөн мэдүүлсэн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн ч дэмжсэнгүй.  

Уг хуулийн төсөлд арилжааны банкууд болон ББСБ, Хадгаламж зээлийн хоршоодын зээлийн хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоож, түүнээс хэтэрсэн тохиолдолд мөнгө хүүлэлт гэж үзэх талаар эрх зүйн зохицуулалтыг тусгасан юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Мөнгө хүүлэлтийг зогсоож зээлийн хүүг бууруулах асуудлыг би эхнээсээ дэмжиж ирсэн. Өнөөдөр иргэд банкны хүүнд дарлуулж гүйцлээ. Зээлийн хүүг бууруулах асуудалд зохицуулалт хийхээс өөр аргагүй болсон. Үүнд эдийн засгийн байнгын хороо идэвхтэй ажиллах ёстой. Хуульд зээлийн хүүг 18 хувиас дээшгүй байна гээд заачихсан байна. Гэхдээ одоо 18 хувиас доош байгаа зээлийн хүүг буцаагаад өсгөчихвий дээ. Зээлийн хүүгийн шимтгэл бусад хураамжууд бүгд өндөр байдаг. Энэ бол мөнгө хүүлэлт. Үүнд төр засаг заавал оролцох ёстой. Хэрэглээний зээлийг 10-12 хувиар хэтрүүлэхгүй байх гэж заасан байх ёстой гэх мэтээр тодорхой заагаад өгчих хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Энэ асуудалд төрөөс зайлшгүй шаардлага хангах ёстой. Өнөөдөр банкны хүүгийн дарамтад ороогүй иргэн ховор байна. Эдийн засгийн байнгын хороо нийт иргэдээ бодоод энэ асуудлыг шийдэж өгөөсэй. Аж, ахуй нэгжийг нуруундаа үүрч яваа баялаг бүтээж буй иргэдээ дэмжих боломж энэ юм” гэлээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Эдийн засгийн байнгын хорооноос энэ асуудалд тогтоол гаргаад ажиллаж байна. Монгол банк болон бусад холбогдох байгууллагууд ч ажиллаж байгаа. Ул суурьтай дүгнэлт гаргасны дараа уг асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй байх” гэлээ. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн захирал Б.Баярдаваа “Зээлийн хүү бууруулах стратеги дээр Төв банк дээр ажлын хэсэг байгуулагдсан. Одоо яамдын саналыг авч байгаа. Саналыг нэтгэж дуусгаад,  ирэх 6 дугаар  сард УИХ руу оруулах чигтэй ажиллаж байна” гэж хариулав. 

Ингээд уг асуудлыг дэмжиж УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхээр санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. 
Н.Туяа
Холбоотой мэдээ