Эмэгтэйчүүдийн дипломат клуб 20 жилийн ойгоо тэмдэглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-30 16:26:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны Яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клуб /ЭДК/ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой өчигдөр тохиолоо. Ойн баярынхаа өдөр Монголын үе үеийн дипломат эмэгтэйчүүд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил үйлсээ дүгнэн, ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, сайн дурын тусламжийн үйл ажиллагаа явуулсан юм. 
“Туушин” зочид буудалд зохион байгуулсан ойн баярын арга хэмжээг Монголын Үндэсний дизайнеруудын холбоотой хамтран явуулж, нэр бүхий УИХ-ын гишүүд, Гадаад харилцааны яамны удирдлага,  Улаанбаатар дахь гадаад орны ДТГ-уудын тэргүүн нар гэргийн хамт, дипломат ажилтнууд, ТББ-уудын төлөөлөл болон ЭДК-ын гишүүд оролцов.
Эмэгтэйчүүдийн дипломат клубын тэргүүн С.Онон ойн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн 20 жилийн хугацаанд тус клубаас явуулсан үйл ажиллагааг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүдийг танилцуулав. Тэрбээр тус клубыг үүсгэн байгуулсан ахмад дипломат Б.Базарханд, тэргүүлэгч гишүүнээр олон жил ажилласан эмэгтэйчүүд болон гишүүдийн өгөөмөр сэтгэл, идэвхи зүтгэл, хүч чармайлтыг онцлон тэмдэглэв.



Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ойн баярын арга хэмжээнд оролцож, ЕДК-ын гишүүдэд ойн баярын мэнд хүргэн, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв. Тэрбээр тус клубын оруулсан хувь нэмрийг үнэлж хэлэхдээ, улс орныхоо түүх, соёлыг гадаадынханд сурталчлан таниулах, залуу дипломатуудад өөрийн туршлагаасаа хуваалцах, эмзэг бүлгийнхэнд, нэн ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдэд боломжийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиглэлээр явуулж ирсэн үйл ажиллагааг нь онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр ЭДК-ын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсан, клубын үйл ажиллагаагаар дамжуулан гадаад харилцааг хөгжүүлэхэд идэвхи зүтгэлтэй ажилласан ЭДК-ын тэргүүлэгчдэд ГХЯ-ны Хүндэт өргөмжлөл, “Хүндэт дипломатч” тэмдгийг гардуулан өгөв.

Энэ үеэр Эмэгтэйчүүдийн дипломат клубын тэргүүн С.Онон "Эмэгтэйчүүдийн дипломат клуб ашгийн бус, төрийн бус байгууллага 1998 оны 5 дугаар сарын 29-нд гадаад харилцааны салбарт ажиллаж байсан ахмад дипломат эмэгтэйчүүдийн санаачилгаар Гадаад харилцааны яамны дэргэд байгуулагдаж байсан. Өнөөдөр манай клубт 70 гаруй хүн харьяалагдаж байгаа нь гадаад харилцааны яамны ажилтнууд, Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газрын эмэгтэйчүүд, ахмад дипломатууд багтдаг. Ахмад дипломатуудын туршлагаас залуу үеийнхэнтэйгээ хуваалцах, Улаанбаатарт суугаа гадаад улсын дипломат корпусын бүсгүйчүүдтэй хамтран "Сайн санааны үйлс" арга хэмжээг жил бүр зохион байгуулж, цугларсан хандиваар зорилтот бүлэгт жижиг хэмжээний төсөл хэрэгжүүлэх замаар олгодог. Клубын удирдах зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй. Бид хэлэлцэж байгаад нийслэл, орон нутгаас судалгаа хийсний дүнд тусламж шаардлагатай газрыг сонгодог. Сүүлийн үед энэ арга хэмжээндээ хувийн хэвшлийн гарааны компаниудыг оролцуулж, үндэсний бүтээгдэхүүнээ сурталчлан, Элчин сайдын яамдуудтай холбож өгөхийг эрмэлздэг болсон" хэмээсэн юм. Тус клубт залуу дипломат бүсгүйчүүдээс эхлээд 80 насыг давсан ахмад дипломатууд байдаг аж. 

Ахмад дипломатч Ж.Алтангэрэл энэ үеэр "Бидний хувьд дөнгөж сургуулиа төгсөөд ирж байгаа залуу дипломатуудад дипломат ажлын дадлага туршлагаас хуваалцаж, юунд анхаарах, яаж ажиллах зэргийг маш их анхаарч зөвлөдөг. Энэ бол бидний томоохон ажлын нэг. Төрийн байгууллагуудын гадаад харилцаа хариуцан ажилладаг албан хаагчид бидэнд хүсэлт гаргаж дипломат ёсны талаар зөвлөгөө авдаг. Ер нь дипломат алба эмэгтэй хүнээс үнэхээр их хүч хөдөлмөр шаарддаг. Дипломат алба, төрийн албан хаагчийн тангараг өргөдөг, түүндээ хүрэхийн төлөө ажиллах ёстой. Монгол Улсын дипломат албыг хөгжүүлэхийн төлөө мэдлэг чадвараа шавхан зориулах ёстой. Үүний зэрэгцээ сайн гэргий, сайн ээж байна гээд их өндөр шаардлагыг хангадаг даа" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 




ЭДК-ын ойн арга хэмжээний хүрээнд Монголын залуу дизайнеруудын бүтээсэн үндэсний хувцасны орчин үеийн загваруудын “Нүүдэлчдийн уран сэтгэмж” үзүүлбэр болж, Улаанбаатар дахь гадаад орны ДТГ-уудын ажилтнууд, гадаадын дипломатуудын гэргий нар болон ГХЯ-ны залуу дипломатууд загвар өмсөгчөөр оролцов. Мөн залуу дизайнеруудын болон ЭДК-ын гишүүдийн уран бүтээлийн үзэсгэлэн, “Нюанс” хамтлагийн тоглолтыг энэ үеэр зохион байгуулав.

Ойн арга хэмжээний хүлээн авалтын үеэр ЭДК-ын тэргүүн С.Онон “Ачлалт хүүхдүүд” ТББ-аас хэрэгжүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвийн нэг өрөөг тохижуулах төсөл, мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын “Ургах наран” 11 дүгээр цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай тоног төхөөрөмж худалдан авах төслийг тус тус хэрэгжүүлэхэд ЭДК-аас санхүүгийн дэмжлэг үзүүлэх батламж бичгийг  гардуулан өгөв. Эдгээр төслийг ЭДК жил бүр Улаанбаатар дахь гадаад орны ДТГ-ын оролцоотойгоор зохион байгуулдаг “Сайн санааны олон улсын өдөрлөг”-ийн үеэр цуглуулсан хандивын мөнгөөр санхүүжүүлэх юм байна. 
Н.Гантуяа
 
Холбоотой мэдээ