Хилийн заставт хүүхдийн цэцэрлэгийн бүлэг нэмж нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Баянтэс сумын хилийн 0277-р анги дээр цэцэрлэгийн хоёр бүлэг шинээр нээгджээ. Аймгийн хойд чиглэл ОХУ-тай хиллэдэг Баянтэс сумын Хачиг, Буга согоот заставт "Хилчин" нэртэй цэцэрлэгийн шинэ бүлэг нээлээ.
Нэг заставт хамгийн багадаа сургуулийн өмнөх насны 20 орчим хүүхэд байдаг аж. Эдгээр хоёр бүлэг Баянтэс сумын цэцэрлэгийн нэг бүлэг болж үйл ажиллагаагаа явуулах юм байна. Цаашид эдгээр бүлгийн үйл ажиллагааг тогтворжуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөжээ. Ийнхүү хоёр застав цэцэрлэгтэй болсноор хилчдийн ажил, амьдралд томоохон хувь нэмэр боллоо хэмээн ангийн бие бүрэлдэхүүн ам сайтай байна.
Харин заставын хилчин дайчдын хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй тохиолдол их байдаг. Тиймээс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд энэ жил хоёр заставт цэцэрлэгийн бүлэг нээхээр төлөвлөсний дагуу ийнхүү Баянтэс суманд цэцэрлэгийн хоёр бүлэг нээлээ хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Баянтэс суманд өнөөдрийн байдлаар 200 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдан хүмүүжиж байна.
Б.Мягмарсүрэн