Европын стандартыг нэвтрүүлэх боломжийг судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-01 23:56:05
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар Зоорины асуудлаар мэргэшсэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг/ГУОУХАН/-ийн мэргэжилтэн Инголф Мэйр /Ingolf Myaer/-ыг  өнгөрсөн пүрэв гарагт хүлээн авч уулзсан байна.
Сэлэнгэ аймаг төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагч, баялаг бүтээгч иргэдийнхээ үйл ажиллагааг дэмжиж ажиллах үүднээс Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /ГУОУХАН/ -ийн ЭТИС хөтөлбөрийн Монголын Тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг төсөлтэй хамтран олон сайн туршлагыг нэвтрүүлж хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
Мэргэжилтэн  Инголф Мэйр / Ingolf Myaer/  нь ГУОУХАН-ийн урилгаар Европын олон орнуудад ажиллаж, туршлагажсан мэргэжилтэн аж. Тэрээр Баянгол, Хушаат, Шаамар, Сүхбаатар сумдын төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагч иргэдтэй уулзан, одоо ашиглаж байгаа зоорины бодит байдалтай танилцаж, тэдэнд мэргэжлийн зүгээс заавар зөвлөгөө өгчээ. Түүний энэ удаагийн Монгол Улс дахь тэр дундаа Сэлэнгэ аймаг дахь томилолт шинжлэх ухааны үүднээс Европын стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх ямар боломж байгааг судлах, Монгол Улсад зоорины аж ахуй хэрхэн хөгжиж байгаатай танилцаж заавар, зөвлөгөө өгөхөд чиглэж байгаа юм байна.
Ч.Отгонцэцэг

 
Холбоотой мэдээ