“Unplug-2018” ажлын байрны үзэсгэлэнд 200 гаруй оюутан оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2018-06-05 11:45:06
 Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотод төгсөгчдийн холбоо, “Unread” төслийн хамт олон хамтран оюутан залууст зориулсан “Unplug-2018” арга хэмжээг Бээжин хотын Олон улсын худалдаа, эдийн засгийн сургууль дээр өчигдөр амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээ нь ажлын байрны үзэсгэлэн,хэлэлцүүлэг, шинэ санааны танилцуулга зэрэг гурван үе шаттай болсон бөгөөд 200 орчим гадаад, дотоодын оюутан залуус оролцов.
Ажлын байрны үзэсгэлэнд манай улсын Эрдэнэт үйлдвэр, МИАТ ХК, УБТЗ, Голомт банк, Юнител групп, Алтайн Хүдэр ХХК, МАК ХК, Энержи ресурс, АПУ ХК зэрэг компаниуд болон Хятадын Дө Хун хуулийн фирм, Бээжингийн И Хан Шеньфөн технологийн компани зэрэг 10 гаруй аж ахуйн нэгжүүд оролцсон.
Энэ үеэр аж ахуйн нэгжүүд БНХАУ-д суралцаж буй оюутан залуусаас өөрийн боловсон хүчнийг сонгох, оюутнууд өөрийн сонирхсон нээлттэй ажлын байрны шалгаруулалтад оролцож, цаашлаад тус газартаа ажиллах боломж бүрдсэн юм.
Энэ өдрийн арга хэмжээний бас нэгэн чухал хэсэг бол хэлэлцүүлэг байлаа. Хэлэлцүүлэгт урилгаар “WI Harper”компанийн Харилцаа хариуцсан захирал Ц.Намулун, Алибаба группийн Хуулийн хэлтсийн дэд захирал Алберт Лю зэрэг гадаад дотоодын 8 илтгэгч оролцсон бөгөөд тэд өөрсдийн амжилтад хүрэхэд нөлөөлсөн хүчин зүйлс, гадаад улсад хэрхэн амжилттай ажиллах вэ зэрэг сэдвийн хүрээнд оюутан залуустай санал бодлоо хуваалцсан юм.
А.Анхбаяр
           

Холбоотой мэдээ