Д.Сумъяабазар: "Оюу Толгой" Монголын талаас тавьсан шаардлагуудыг биелүүлнэ гэж найдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
gantuya@montsame.mn
2018-06-05 15:24:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Оюу Толгой"-н Хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийн үйл явц болон Таван Толгойн ордыг цогцоор нь хөдөлгөх зэрэг асуудлаар УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар байр сууриа илэрхийлэв. 

-"Оюу Толгой" төслийн 34 хувийг Монголын тал эзэмшдэг. Гэтэл Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах Лобби бүлгээс Ц.Улаан гишүүн мэдээлэл хийхдээ гуравдагч тал манай улсын эзэмшлийн 34 хувиас хуваалцаад эхэлсэн гэх мэдээллийг өгсөн. Үүнд тайлбар өгнө үү?

-Монголын талд 34 хувь хэвээрээ байгаа. Хуваалцсан зүйл байхгүй. "Антре гоулд" компани эхнээсээ Оюу Толгойн бүлэг ордод хайгуул хийж байсан компани. Одоогоор энэ компани манай хувиас хуваалцаад эхэлсэн гэх мэдээлэл надад ирээгүй. Харин стратегийн орд газрын талбайтай холбоотой асуудлаар Ажлын хэсгээс дүгнэлт гаргасан байж мэдэх юм. Орд газрын хил хязгаар нь  "Антре гоулд" компанийн талбай орсон гэх зэрэг зүйл бол бий. Энэ тухайд шалгалт хийгээд асуудлыг илүү тодорхой болгоно гэж бодож байна. Өмнө нь ч энэ тухай ярьж,  ажлын төлөвлөгөөнд орсон. Харин үүнтэй холбоотой юу яригдсан бэ гэвэл, Таван Толгойн бүлэг ордыг геологийн тогтоцоор нь хэрхэн үнэлэх вэ гэдгийг тодорхой болгох талаар ярилцаж эхэлсэн. Жишээ нь, нэг ордод 4-5 аж ахуйн нэгж лиценз авчихсан, ордын үнэ цэнийг унагаадаг байдал түгээмэл боллоо. Хоёрдугаарт Багануур, Эрдэнэт, Шивээ-Овоод ч ийм асуудал байдаг. Жишээлбэл, Нарийнсухайтын бүлэг ордод 7 компани тус тусдаа лиценз аваад үйл ажиллагаа явуулж байна. Оюу Толгойд гуравдагч этгээд гарч ирсэн гэж байгаа нь энэ өнцгөөс ярьсан болов уу гэж ойлгож байна. Түүнээс хувьцааны хэлбэрээр шууд хуваалцах тухай ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, байгалийн тогтоцод нь "Оюутолгой", "Антре гоулд" хоёрын лицензийн ялгаа заагийг ярьсан байх.

-Өмнөх УИХ-аас Ажлын хэсэг гараад Оюу Толгойд шалгалт хийхэд 3 жилийн хугацаанд 3 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн гэж байсан. Гэтэл энэ зөрчлийг Дубайн гэрээний хүрээнд Монголын талын өр болгоод хувиргачихсан гэх асуудал байна. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-"Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө" буюу Дубайд очиж гарын үсэг зурсан асуудлаар хүмүүс өнөөдөр саатуулагдсан. Энэ тухайд хууль хяналтынхан шийдвэрээ эцэслэн гаргаад гэм буруутай эсэхийг нь нэг тийш болгосон үед энэ талаар ярих боломжтой болно гэж ойлгож байгаа. Харин Оюу Толгойн гэрээний сайн, муугийн тухайд ярих юм бол төсөвт үзүүлэх жин, нийгэмд үзүүлэх үр нөлөө, ажлын байр, компаниудад үзүүлж буй дэмжлэг нөлөөлөл маш их гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа болов уу. Энэ төслийг бид нэг өнцгөөс харж, буруутгаж болохгүй. Харин яавал цаашдаа үр өгөөжийг нь нэмэгдүүлж, амжилттай ажиллах вэ гэдэгт л анхаарал хандуулж, санаа тавих хэрэгтэй. Хэн нэгэнд буруу өгөх юмуу хэрэг тохох талаас нь асуудалд битгий хандаасай. Энэ стратегийн ордыг эргэлтэд оруулахад тухайн үеийн УИХ, Засгийн газар хүнд хүнд шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Одоо бол Оюу Толгой төсөл явдгаараа явж байгаа. Цаашдаа ч улс оронд үр өгөөжөө өгөөд явна. Засгийн газрын зүгээс зардалтай холбоотой асуудалд нэлээд хяналт, шахалт өгч ажиллаж байгаа. Энэ талаар ч Оюу Толгойн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийнхнийг дуудаж ярилцаж байна. Монголын талаас тавьж буй шаардлагуудыг биелүүлнэ гэж найдаж байна. 

-"Оюу Толгой"-д тавьсан татварын актын асуудлыг хэрхэн шийдэж байна вэ? ТУЗ-ийн даргын өгсөн мэдээллээр хоёр тал 30 хоногийн дотор ойлголцохгүй бол Арбитрын шүүхэд очно гэж байсан?

-Хоёр тал өөрсдийн гаргасан шийдвэр, байр сууриа хамгаалсан байдалтай байна. Нэлээд хүч, хугацаа шаардсан яриа болж байна. Ер нь татвар, санхүүгийн асуудлаас болж улс орон төдийгүй аж ахуйн нэгжүүд ч хохирол амсдаг. Бид ч гэсэн Монголын талын буюу Засгийн газрынхаа байр суурийг л хамгаална. Төсөл амжилттай хэрэгжиж байна гэдэг нэрийдлээр нүдэн балай, чихэн дүлий яваад байж болохгүй. Ажлын хэсгүүд хуралдаад зохих хувилбаруудаа гаргаад явж байна. УИХ-аас ч Ажлын хэсэг гаргасан. Энэ сарын сүүлээр ажлын хэсгүүд дүгнэлтээ гаргаад, Оюу Толгойн асуудал цэгцтэй яригдах байх гэж найдаж байна.

-ТАВАН ТОЛГОЙГ ХӨДӨЛГӨХ ЦОГЦ ТӨСЛИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНД БАГТААН ӨРГӨН БАРИНА-

-Таван Толгойн төслийн 30 хувьд IРО хийнэ гэсэн ерөнхий мэдээлэл гарсан. Энэ тухайд Та илүү тодорхой мэдээлэл өгөх боломжтой юу? Нийт 4.7 тэрбум ам.доллар босгоно гэдэг тоо яваад байгаа?

-Энэ бол тодорхой тоо, дүн мэдээ биш. Намын бүлгийн хуралдааны үеэр зарим хүн барагцаагаар гаргасан дүнг Засгийн газраас гаргасан тоо мэтээр яриад байгаа юм. Миний хувьд жишээлбэл албан ёсоор мэдээлэл хийж зарласан зүйл байхгүй. Өнөөдрийн хувьд, Таван Толгойн нэгж хувьцааны доод үнэ 933 төгрөгөөрөө л байгаа. Мэдээж стратегийн орд газрыг эргэлтэд оруулахад хүндхэн шийдвэр гаргаж байсан. Хувьцаатай холбоотой бүх бүртгэлийг "Эрдэнэс Таван Толгой" бүртгэлжүүлж дуусгасан. Хөрөнгөө ч бүртгэлжүүлж, 1.9 их наяд төгрөгийн хөрөнгийг баталгаажуулсан. 1072 ширхэг хувьцааны үр өгөөжийг мэдээж Таван Толгой эргэлтэд орсноор хүртэх нь гарцаагүй. Тиймээс бид цаг хугацааны хувьд нэлээд яаравчилж байна. Ялангуяа 2018 онд гадаад, дотоод талдаа түүхий эдийн үнэ ханшийн өсөлтөөс гадна ард иргэдийн хүлээлт их байгаа. Улс төрийн зүгээс ч олон улсын стандартад нийцсэн дүрэм журмаар 30 хүртэлх хувьд нь IРО хийгээд хөрөнгө босгоод явах нь зүйтэй гэж харж байгаа. Нарийвчилбал, Таван Толгойг тойрсон дэд бүтцийн асуудал байна. Үүнд авто болон төмөр зам, цахилгаан станцын асуудал бий. Харин яг уурхайд ТЭЗҮ-г нь шинэчлэх ёстой, баяжуулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа.

-Ордын үнэлгээг эхлээд тодорхой болгох шаардлагатай юу?

-IРО хийх явцад ордын үнэлгээг хийгээд л явна. Үнэлгээ хүлээж цаг хугацаа алдах шаардлагагүй гэж харж байгаа, би хувьдаа. Өмнө нь хийсэн ТЭЗҮ-ээр ордын үнэлгээг 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, түүний 5.1 тэрбум орчим нь коксжих нүүрс, 2.3 тэрбум нь эрчим хүчний нүүрс гэх тооцоо гарсан байгаа л даа. Зүүн, баруун Цанхи дээр ч гэсэн ТЭЗҮ хийсэн, түүгээрээ үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү дээ.

-Засгийн газраас ордыг цогцоор нь хөдөлгөх төслийг хэзээ УИХ-д өргөн барих вэ?

-Засгийн газрын тэмдэглэл гарч УИХ болон ҮАБЗ-д тогтоолын төслөө танилцуулах үүрэг өгсөн. Үүний дагуу ҮАБЗ-өөр эхэлж орох ёстой. Дараа нь УИХ-д төслөө танилцуулах учиртай. Төсөл дагасан дэд бүтэц буюу төмөр зам, авто зам, цахилгаан станцын ТЭЗҮ бэлэн болсон. БОАЖ-ын сайдын мэдэлд усан хангамжийн төсөл бий. Ер нь устай холбоотой ТЭЗҮ-г "Хөх морь төсөл" гэж нэрлэсэн байна лээ, төсөл бэлэн болсон байх. Манай яамнаас уурхайн болон баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ болон уулын ажлын төлөвлөгөөг оруулна. Энэ мэтээр ажлаа хуваарилж авсан, УИХ-д оруулахад бэлдэж байна.

-Хаврын чуулган завсарлахаас өмнө амжих болов уу?

-Амжилгүй яахав, амжуулна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ