ШӨХТГ-аас хууль бус орлогыг зогсоолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-12-03 16:23:56

Орон сууцны зарим конторууд ус дулаан дамжуулах төвийн зардал, ЦТП зардал, насосны цахилгааны төлбөр нэрээр сар бүр 2000-11000 төгрөгийг айл өрхөөс авч байсан нь Эрчим хүчний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэж ШӨХТГ-аас мэдэгдлээ.

Дээрх хууль бус төлбөрийг орон сууцны бусад конторууд авч байж болзошгүй тул ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж Эрчим хүчний зохицуулах хорооноос Ус, дулаан дамжуулах төвийн зардал, ЦТП зардал, насосны цахилгаан зэрэг хууль бус төлбөр айл өрхөөс авахгүй байхыг орон сууцны нийт 45 конторт мэдэгдсэн байна.  

Орон сууцны дөрвөн контор албан шаардлагын дагуу хууль бус төлбөр авахаа зогсоосныг ШӨХТГ-аас мэдээлсэн. Баянгол дүүргийн Богд ар хорооллын 1730 айл өрхөөс сар бүр ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр 6000 төгрөг авсаар байсан “Богд асар” ХХК-ийн үйлдлийг иргэдийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар их хэмжээний мөнгө татсан, энэ нь гэмт хэргийн шинжтэй гэж ШӨХТГ-аас үзэж ЦЕГ-т ханджээ. Гэвч “Богд асар" ХХК-аас дээрх төлбөрийг айлуудаас авахаа зогсоосноо ШӨХТГ-т мэдэгдсэн байна. ШӨХТГ-аас “Таун комфорт” ХХК Баянгол дүүргийн 3998 айл өрхөөс сар бүр насос цахилгааны зардал нэрээр 5150 төгрөг хууль бусаар авч байсныг тогтоож уг компанид албан шаардлага хүргүүлсний дагуу “Таун комфорт” ХХК дээрх төлбөрийг авахаа зогсоосноо мэдэгджээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ