Их зохиолч Б.Ринченгийн уран бүтээлийн талаар илтгэл хэлэлцүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-03 17:20:12

Их зохиолч, Билгүүн номч Бямбын Ренчингийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Монгол Улсын ШУА-иас өнөөдөр Чингис зочид буудалд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.

Хурлаар их зохиолчийн уран бүтээл, Монголын төр нийгэмд оруулсан хувь нэмрийн талаар илтгэл хэлэлцүүллээ.

Эрдэмтэн судлаачдын тооцоогоор Б.Ренчин багшийн бүтээл, туурвилын тоо 500 хол давжээ. Зохиол бүтээлийн ихэнхэд нь эх хэлээ хайрлах, эх оронч байх гэдэг үзэл санаа нэвт шингэсэн байдаг тухай судлаач эрдэмтэд онцолж байлаа.

Тус хуралд зохиолч, яруу найрагчид, судлаачид оролцов. Тэд Их зохиолчийг уран бүтээлч, багш, судлаач, хувь хүн зэрэг олон өнцгөөс судалжээ.

XX зууны Монголын сэхээтэн, соён гэгээрүүлэгч, их эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч, угсаатан судлаач Еншөөбү Бямбын Ринчен 1905 оны 11 дүгээр сарын 21-нд Хиагтын Наймаа хот, эдүгээгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумы Бул Сарай хэмээх нутагт эцэг Раднажавын гэрт мэндэлжээ. Түүний эцэг Раднажав манж, хятад, орос хэл бичигтэй тухайн үед өндөр боловсролтой сэхээтэн, Хиагтын хязгаарын комиссарын Яамнаа манж, хятад, Монгол хэлний орчуулагчийн алба хааж асан, дэвшилт үзэлтэй хүн байжээ. Ринчен 7 настайдаа Билигсайхан гэгч Монгол, манж хэл бичигтэй хүнд шавь орж Монгол, манж хэл бичиг заалган сурчээ. Улмаар Орос Улсын хязгаарын комиссарын Яамны Монгол, манж хэлний орчуулагч Каленов гэгч хүнээр орос бичгийн хэл заалгаж 1914 онд Дээд Шивээний дундад сургуулийн бэлтгэл ангид шалгуулан тэнцэж 1917 оноо Зөвлөлтийн хоёрдугаар шатны сургуулийг төгсчээ. Б.Ренчин 1924 онд Зөвлөлт Улсын Ленинград хотын Дорно дахины хэлний хүрээлэнд суралцжээ.

Тэрбээр 1927 оноос Гэгээрүүлэх Яамны харъяа Судар бичгийн хүрээлэнд ажиллаж, 1937 онд хилс хэргийн улмаас баривчлагдан шоронд сууж 1942 оны 4 дүгээр сард суллагджээ. Мөн үеэс “Үнэн” сонины газарт 16 жил ажиллаж, 1958 онд Шинжлэх ухааны Хүрээлэн /хожим ШУА болсон/-д шилжин ажиллаж хүрээлэнгийн жинхэнэ гишүүнээс ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич болсон. Тэрбээр 1956 онд Унгар Улсын ШУА-д “Монгол хэлний зүй” сэдвээр шинжлэх ухааны докторын зэргийг Монгол Улсаас анх удаа хамгаалсан байна. Мөн 1970 онд Унгарын ШУА-ийн гишүүн болжээ. Б.Ренчин Монгол хэлний судлал, угсаатан судлал, түүх, утга зохиол, орчуулгын талаар эрдэм шинжилгээ, судлагааны олон бүтээл туурвиж, гадаадын олон улсад хэвлүүлж хэдэн зуун өгүүлэл, сонины нийтлэл бичиж, дэлхийн 20 гаруй орны 70 орчим зохиолчийн 240 эргэм зохиол роман, тууж, өгүүллэг, яруу найраг, шүлгийг Монгол хэлнээ хөрвүүлсэн билээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ