Хүүхдүүд хүмүүжил төлөвшлөө сайжруулахад хамтран ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-13 23:43:30

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Цагаанчулуут суманд “Бидний хөгжил, хамгаалал” сэдэвтэй урд аймгийн урд бүсийн сумдын хүүхдийн анхдугаар чуулган болж ахлах, дунд ангийн 60 гаруй сурагч оролцжээ. Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжих, хамгаалуулах үндсэн эрхийг хангахад тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой анхны чуулганд Цагаанчулуут, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан сумын хүүхдүүд оролцсон байна.
Хүүхдүүд энэ үеэр хорт зуршлаас өөрсдийгөө хамгаалахад хүүхэд бидний оролцоо ямар байна вэ, оролцоогоо хэрхэн хангах вэ, хүмүүжил төлөвшлөө сайжруулахад хүүхдүүд ямар санаачлага гаргаж ажиллах уу, цахим орчны зүй зохистой хэрэглээнд суралцахад хүүхдүүд яаж оролцох вэ гэхчлэн чухал сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж санал солилцсон байна. Мөн үеэрээ үе тэнгийнхний хүчирхийлэл дарамтыг бууруулахад хүүхдүүд өөрсдөө санаачлагатай ажиллаж сургууль бүр дээрээ бүлэг байгуулж ажиллахаар болжээ. Түүнчлэн сэдэв бүр дээр сум бүрийн хүүхдүүдийн төлөөлөл төлөвлөгөө гаргаж аймагт үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн оролцооны байгууллагатайгаа хамтарч ажиллахаар болсон байна. Энэхүү чуулганаас гаргасан хүүхдүүдийн санал, ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд сургууль болон сум орон нутгийн засаг захиргаа дэмжиж хамтран ажиллахаар боллоо. Ингэснээр сумын хүүхдүүд бүсийн хэмжээнд тулгамдсан асуудлаа хамтдаа шийдвэрлэж, хэрэгжүүлэх  арга замаа шийдвэр гаргах түвшинд дуулгаж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Дашрамд дунд ангийн хүүхдүүдийн дунд сагсан бөмбөг, ахлах ангийн хүүхдүүдийн дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдаж Отгон сумын сургуулийн баг тэргүүлсэн байна.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ