Зочлох үйлчилгээний салбарынхан туршлага судлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-06-14 00:37:57
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн  зочлох үйлчилгээний салбарын зочид буудал, зоогийн газар, жуулчны баазуудын төлөөлөл мөн хэвлэл мэдээллийн нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй баг өмнөд хөршид туршлага судаллаа.
Тэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дөрвөд хошуу, Дархан муу мянганы хошууны ойролцоох жуулчны бааз болон ӨМӨЗО-ны зочлох үйлчилгээний салбарын хөгжлийн үйл явцтай танилцжээ. Энэ талаар Дорноговь аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүн Н.Баярманлайгаас тодруулахад “Бид Өвөрмонголын Дөрвөд хошууны Гэгээн талын жуулчны бааз, Хөх хот, Дархан муумянган хошууны аялал жуулчлалын  бүтээгдэхүүнийг үзэж аялагч жуулчдыг хэрхэн татаж буйтай танилцсан. Өвөрмонголын зочлох үйлчилгээ өндөр түвшинд хөгжсөнийг харлаа. Ялангуяа ирсэн зочныг угтаж,  дайлж, ая тухтай амрааж, үдэж байгаагаас бид жишээ авах ёстой. Гэгээн талын жуулчны бааз гэхэд л Өвөрмонголын наадмыг өндөр түвшинд зохион байгуулдаг бөгөөд жилдээ нэг сая гаруй дотоодын жуулчин хүлээн авдаг. Харин Дархан муумянган хошууны  морин үзүүлбэрийг хүмүүс ихээр сонирхон  үздэг. Тэнд манай улсын 58 залуу гэрээгээр морин үзүүлбэр үзүүлж сардаа нэг сая төгрөгийн цалин авдаг тухай ярьж байсан. Бид Өвөрмонголчууд шиг айхтар том байгууламж барих гэхээс илүү монгол ахуйг харуулсан аж байдлыг бий болгож, малчдын өдөр тутмын ажлыг харуулсан нүүдэл, мал маллагаа зэргийг бодитоор харуулж мөнгө олох боломжтой. Үүнийг хилийн аялал жуулчлал буюу өдрийн жуулчлалаар хэрэгжүүлж болно” гэв.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ