Судалгаагаар Монголын 10 эмэгтэй тутмын нэг нь 15 нас хүрэхээсээ өмнө хүчирхийлэлд өртдөг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-06-14 14:35:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/.НҮБ-ын Хүн амын сан болон Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ хамтран 2017 онд явуулсан “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл” сэдэвт үндэсний хэмжээний анхны судалгаагаар 10 эмэгтэй тутмын нэг нь 15 нас хүрэхээсээ өмнө хүчирхийлэлд өртдөг гэдгийг өнөөдөр “Blue Sky” зочид буудлын танхимд болсон Хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Тус судалгаанд хүчирхийлэлд өртсөн 15-64 насны 7300 гаруй эмэгтэй хамарсан бөгөөд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 7860 өрхөөс нийт 95 судлаач эмэгтэй 15 баг болж, мэдээлэл цуглуулжээ. Түүнчлэн 392 иргэнээс зорилтот бүлгийн 64, гүнзгийрүүлсэн 87, хүчирхийлэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг байгууллагын 59 мэргэжилтэнтэй  ярилцлага  хийсэн байна. Мөн хүчирхийлэлтэй холбоотой сэдвээр бэлгийн цөөнх, ахмад настнуудтай ч ярилцлага хийж судалгаанд ашиглажээ.
Судалгаагаар монголд ойр дотны хамтрагч болон гадны нөлөөлөөс эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй хүчирхийллийн түвшин хэт өндөр байгааг тогтоожээ.
Энэхүү өргөн судалгааны ажил нь жендерт суурилсан хүчирхийллийн талаарх тоон болон чанарын мэдээлэлтэй болсон төдийгүй мэдээллийн мөрөөр үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, хүчирхийллийн үйлдлүүдийг нийтэд ил болгох зэрэг чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид хэллээ.

Судалгаанд оролцогчдын 23.6 хувь нь сүүлийн 12 сард бие махбод, бэлгийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байснаас дийлэнх нь 30-34 насныхан байв. Мөн 15 хүртэлх насны эмэгтэй хүүхдийн 29.5 хувь нь гэр бүлийн гишүүндээ, 19 хувь найздаа, 18.7 хувь танихгүй хүний бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бол 10 эмэгтэй тутмын нэг нь 15 нас хүрэхээсээ өмнө хүчирхийлэлд өртсөн нь илэрчээ. Мөн аливаа хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн эзлэх хувь Хэнтий, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Улаанбаатар хотод өндөр байсан бол бэлгийн болон биемахбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Булган, Ховд аймагт хамгийн их байна гэсэн статистик мэдээлэл гарчээ.
НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китархара, “Хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн амьдралд бүрэн оролцох эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ нь бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндийн маш олон хүндрэлийг үүсгэж, зарим тохиолдолд хохирогчид амиа алдах ч байдал үүсч буйг хэллээ. Иймд жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө бид чадах бүхнээ хийх ёстой” хэмээв.
Судалгааг явуулахад НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн Хөгжлийн агентлаг, Австралийн Гадаад хэрэг, Худалдааны яам санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Б.Халиун

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ