Сүхбаатар аймгийн хэмжээнд 420 гаруй донор бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-06-14 17:51:44
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Цусны донорын дэлхийн өдрийг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар, Аймгийн  нэгдсэн эмнэлгийн Цусны салбар банк, Улаанзагалмай хороо хамтран “Бусдын төлөө цусаа өгч, амьдрал бэлэглэе” уриан дор тэмдэглэж, донорууддаа хүндэтгэл үзүүллээ. Тус аймгийн хэмжээнд нийт 420 гаруй идэвхтэй донор байдаг бөгөөд эдгээрийн 70 хувийг залуу донор эзэлдэг. Мөн нийт донорын 52 нь хүндэт донор болжээ.

“Цусны донорын дэлхийн өдрийг 2007 оноос хойш тасралтгүй тэмдэглэж байна. Манай цусны салбар банк найман төрлийн цус, цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Цусаа бэлэглэх донорын тоо жилээс жилд нэмэгдэж буйтай холбоотойгоор аймгийнхаа цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж байгаа. Нийт донорын 70 хувийг залуучууд эзэлж, мөн гэр бүлийн донор цөөнгүй байдаг нь үнэхээр бахархууштай. Өнөөдөр гэхэд манай доноруудаас хүндэт донор нэг, ачлалт донор хоёр, энэрэлт донор тав шинээр төрөн гарлаа” гэж Цусны салбар банкны сувилагч, хүндэт донор С.Ариунцэцэг хэллээ.

Ахмад донор И.Сумъяа “Би 1973 оноос эхлэн цусаа бэлэглэж эхэлсэн. Тухайн үед их цөөхөн донор байдаг байсан. Биднийг ажлаа хийж байхад шууд авч яваад л өвчтөнрүү шууд цусыг маань сэлбэдэг байсан. Харин одоо бол цусны салбар банкны үйл ажиллагаа жилээс жилд сайжирч, улам боловсронгуй болсон байна. Өдий хугацаанд цусаа өглөө гээд надад ямар нэг сөрөг нөлөө үзүүлээгүй. Харин ч биений эсэргүүцэл сайжирч, тэр бүр өвчин тусаад байдаггүй.” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Харин залуу донорын төлөөлөл Г.Мэндбаяр хэлэхдээ “Миний хувьд 2009 оноос хойш өнөөг хүртэл нийт 25 удаа цусаа бэлэглэсэн байна. Цусаа өгнө гэдэг нь хүний амь нас аврахаас гадны өөрийнхөө эрүүл мэндийг давхар хянах ач холбогдолтой байдаг. Тиймээс залуучуудыг цусаа өгөх аянд идэвхтэй оролцоосой гэж уриалмаар байна.” гэв.
Т.Одончимэг
 
 
Холбоотой мэдээ