Цагдан хорих байрны тохижилтыг сайжруулах шаардлагатай гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-06-19 18:15:02
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албын дэргэдэх Цагдан хорих байрыг төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр тохижуулж, уулзалт, сургалтын өрөө, шашны хэсэг зэргийг хийсэн ч наралгааны талбай, усанд орох өрөө байхгүй зэрэг нь хүний эрхийг зөрчиж байна гэж Хүний эрхийн үндэсний комисс дүгнэжээ. Тиймээс Цагдан хорих байрны дарга энэ талаар аймгийн Засаг даргад уламжилж, цаашид хэрхэх талаар хэлэлцжээ.

Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар тус газрын нөхцөл байдалтай танилцаад “Иргэдээс цагдан хорих байрны үйл ажиллагаатай танилцах хэрэгтэй гэсэн хүсэлтүүд өмнө нь ирж байсан. Нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад анхаарах асуудал их байна. Үнэхээр стандарт, шаардлага хангахгүй байгаа нь нүдэнд харагдаж байна. Энэ барилга нь 2012 онд ашиглалтад орж байсан юм байна. Анх баригдаж байсан стандарт, одоогийн стандарт хоёрыг харьцуулбал асар зөрүүтэй л дээ. Барилга ч муудсан байна. Хорих байрны тухайд гэхэд л агааржуулалт муу,  усны хангалт муу, хүнсний хадгалалт стандартын бус гээд үнэхээр хүнд нөхцөлд байна. Тиймээс цагдан хорих байрны тохижилтын тал дээр тусгайлан улсаас анхаарах хэрэгтэй юм байна. Орон нутгаас юу хийж болохоор байна, түүнийг судлахаар бид ярьж тохиролцлоо. Мөн цаашид ажилтнууд хүний эрхийг хангах тал дээр хэрхэн анхаарч ажиллах талаар тодорхой үүрэг чиглэлийг холбогдох хүмүүст өглөө.” гэв.

“Хүний жам ёсны эрхийг хангах тал дээр бид төрийн бодлого шийдвэрийн хүрээнд хэрхэн ажиллаж болохоор байна, цаашид юу хийх хэрэгтэй байгаа зэргээ аймгийн засаг даргад танилцууллаа. Тодорхой үүрэг чиглэл ч авлаа. Цагдан хорих байрны тухайд нэн тэргүүнд нарлагааны талбай шаардлагатай байгаа. Хэдийгээр бид тодорхой тохижилтын ажлуудыг өөрсдийн хүрээнд хийдэг ч энэ нь бүрэн төгс байж чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс төрийн дэмжлэг яалт ч үгүй хэрэгтэй" гэж Цагдан хорих байрны дарга, дэд хурандаа З.Мөнх-Эрдэнэ хэллээ.

Хүний эрхийн үндэсний комиссын баг тус аймагт ажиллах үедээ Цагдан хорих байрнаас гадна эрүүлжүүлэх, саатуулах байрнууд нь стандарт шаардлага хангахгүй байгаа учир хүний эрхийг хангах талаас нь анхаарах асуудал олон байгааг хэлээд зохих заавар зөвлөмжийг өгсөн байна.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ