Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын хөтөлбөр боловсруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 14:57:00

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэлхийн өдрийг тохиолдуулан Дорнод аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг агентлагууд, ХБИ-дийн ТББ-уудын хамтарсан өдөрлөг 2015 оны 12 дугаар сарын 02-ны 09.00 цагт Политехник коллежийн хурлын танхимд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй аймаг болох зорилтын хүрээнд зарласан болзолт уралдаанд амжилт гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан, ажиллах орчныг сайн бүрдүүлсэн "Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байгууллага"-уудыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан ба ХБИ-дийн тэргүүний идэвхтэн, Нийгмийн үйлсэд хошуучлагч, Шилдэг төсөл хэрэгжүүлэгч, Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шалгаруулж, эрүүл мэндийн болон бусад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүллээ.
Мөн ХЭД сангаас дэмжлэг, жижиг зээл авсан иргэдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, "Бид баялаг бүтээж чадна" гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж иргэдэд танилцуулахын хамт Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байгууллага болох зорилтын хүрээнд холбогдох агентлагууд 2015 онд хийсэн ажлаа тайлагнаж, Улаанбаатар хотод болсон ХБИ-дийн нэгдсэн чуулганаар дэвшүүлсэн зорилтын талаар мэдээлэл өглөө. Өдөрлөгт аймгийн Засаг дарга оролцож хэлсэн үгэндээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийг ахалж ажилладгийн хувьд аймгийн Засаг дарга  санаачлан тус зөвлөлөөс аймгийн хэмжээнд бүх аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллага” шалгаруулах болзолт уралдааныг зарлаж тодорхой үр дүн гарсан,  мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын хөтөлбөр боловсруулан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж ИТХ-д өргөн барихад бэлэн болоод байгааг онцолсон юм. 

Дорнод аймагт 5000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд аж төрдөг юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 онд 142 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан бол  энэ жил 177 иргэнийг ажлын байраар хангасан байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ