Сүхбаатар аймагт монгол үхрийн ширээр бөмбөг үйлдвэрлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-06-22 13:07:02
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголдоо анх удаа гэж тодотгож болох ширэн бөмбөгийг Сүхбаатар аймагт үйлдвэрлэж эхэллээ. Монгол үхрийн ширээр хийсэн хөлбөмбөгийн зориулалттай тус бөмбөгтөө үйлдвэрлэгчид 2-3 жилийн баталгаа өгч байгаа юм. Нэг бөмбөгийн үнэ дээд тал нь 50 мянган төгрөг байхаар төлөвлөжээ. Одоогоор захиалгаар бөмбөгөө үйлдвэрлэж байгаа юм байна. Хамгийн эхнийх нь ХБНГУ-аас 100 бөмбөг захиалжээ.

“Энэ ажлыг эхлэх гэж бид хоёр жил хөөцөлдсөн. Анх төслөө бариад явж байхад хүн бүр хэцүү, бүтэхгүй гэж байсан. Харин өнөөдөр бид зорьвол хийж бүтээж болдог гэдгийг батлан харууллаа. Бөмбөгөө хараад өөрсдөө ч бараг итгэж өгөхгүй, тийм их баяртай байна. Монголын хөлбөмбөгийн холбоо болон бусад аймгуудынхаа хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллаж, бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр төлөвлөж байна.  Үйлдвэрлэлийн тухайд бэлдсэн бэлэн арьсаа Улаанбаатар хотоос худалдаж авчран орон нутагтаа хийж байгаа. Одоогоор гурван хүнийг ажлын байраар хангаад байна. Ингэхдээ бид зүгээр нэг хүн авахыг хүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургаж, авсан. Бөмбөг маань маш нарийн хийцтэй. Дээрээс нь гараар оёдог учир ажиллагаа их шаардана, бас дөнгөж эхэлж байхад 100 гаруй бөмбөгийн захиалга орж ирээд ачаалалтай байна"  гэж аймгийн хөлбөмбөгийн холбооны менежер Э.Содном хэллээ.



 
Т.Одончимэг
Холбоотой мэдээ