Цагдаагийн алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завханы Цагдаагийн газар “Эрүүл цагдаа хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа нарыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ.
Үзлэгээр 60 гаруй алба хаагчыг 15 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан, алба хаагч бүрт эрүүл мэндийн зөвлөгөө өгч, онош тодруулах давтан шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан байна. Давтан оношлуулах, эмчилгээ үйлчилгээ авах цагдаагийн алба хаагчдад аймгийн Нэгдсэн эмнэлгээс тодорхой хуваарь гарган үйлчилгээ үзүүлэх ажээ. Тус Цагдаагийн газар жил бүр алба хаагчдаа ийнхүү эмнэлгийн үзлэг оношилгоонд хамруулдаг байна. Мөн цагдаагийн алба хаагчдын эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын “Улаан загалмай” нийгэмлэгийн хуулийн зөвлөх Н.Хонгорзул, Дархан-Уул аймгийн “Улаан загалмайн хорооны дарга Б.Отгонбаяр, Завхан аймгийн Улаан загалмай хороны дарга Б.Энхбаатар нарыг урьж, “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ ба амилуулах суурь тусламж үзүүлэх аргачлал” сэдвээр сургалт зохион байгуулсан тухай Завханы Цагдаагийн газраас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн