Дундговийн Засаг дарга Хүүхэд хамгааллын баг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-04 21:01:00

Нэг ой хүрээгүй бяцхан хүүг хоолоо идсэнгүй хэмээн хараан загнаж, зодсон цэцэрлэгийн тогоочийн үйлдэлтэй холбогдуулж аймгийн  Засаг дарга хүүхэд хамгааллын багийг өнөө өглөө томилоод байна.

Хүүхэд хамгаалалын багийг ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Дулмаа ахалж байгаа бөгөөд нэн түрүүнд хүүг Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явахад нь туслахаар болжээ. Аймгийн Засаг дарга эмчилгээний зардалд санхүүгийн туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэсэн бол хүүгийн аав, ээжид байгууллагаас нь нэг сарын цалинтай чөлөө олгож, хүүгийн эмчилгээ сувилгаанд тал талаас анхаарах хэрэгтэй гэж үзсэн байна. Хүүгийн биеийн байдал сул, хоол унданд дургүй, жингийн алдагдалд орсон, толгойгоо сэгсэрч уйлдаг, цочимхой, гар, хөл нь татдаг зовиуртай болоод байгаа ажээ.

Хүүхэд хамгаалалын багийн үйл ажиллагаа ингээд зогсохгүй, цаашид цэцэрлэгийн багш, туслах багш нарын ёс зүй, ур чадварын шалгуурыг өндөржүүлэх,  хүүхдийн эрх хаана хэрхэн зөрчигдөж байгааг соргог анзаарч,  хүүхэд хамгааллын асуудалд төрийн байгууллагуудын уялдаа холбоог нягтруулж ажиллах талаар  цогц арга хэмжээ авна. Үүнтэй холбогдуулан ажлын төлөвлөгөө гарна гэдгийг Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Д. Дулмаа хэллээ.

Хүүхдийн эрхийн зөрчил гарсан “Оюуны хөгжил” цэцэрлэгийн үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газар өчигдөр зогсоож, хүүхэд зодсон цэцэрлэгийн тогоочийн хэргийг Цагдаагийн газар хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ