Камбожийн сонгуулийг 50000 ажиглагч хянана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-06-27 16:21:47
ПНОМПЕНЬ. /Ройтерс/. Камбож улсад ирэх долдугаар сард болох бүх нийтийн сонгуулийг дотоод, гадаадын 50000 ажиглагч, тэдгээрийн дотор Хятад, Мьянмар, Сингапурын төлөөлөгчид хянана гэж тус улсын Үндэсний сонгуулийн хорооноос лхагва гарагт мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав.

Камбожийн эрх баригчид олон улсын ажиглагчдад хандан сонгуулийн үйл явцыг хянахад оролцохыг урьж байгаа хэдий ч тус улсын сонгуулийн хяналтын олон нийтийн байгууллагуудын зүгээс уг саналыг хүлээж авахын өмнө дахин тунгаан бодохыг олон улсын ажиглагчдад уриалж байгаа юм.

Сонгуулийн хяналтын олон нийтийн байгууллагуудын нэг болох "Чөлөөт, шударга сонгуулийн төлөө хорооны" зохицуулагч Корн Саванг хэлэхдээ “Дээрх гурван улсын хувьд сонгуулийн ажиглалт гүйцэтгэх туршлага дутмаг бөгөөд Сингапур болон Хятад нь ардчилсан тогтолцоотой улс биш учраас ардчилсан сонгууль явуулах туршлага багатай бол Мьянмар нь ардчиллыг дөнгөж хөгжүүлж эхэлж байгаа билээ. Ийм нөхцөлд эдгээр улсын ажиглагчдын үнэлгээнд итгэхэд бэрх юм" гэж мэдэгдсэн байна.
 
Э.Хулан
 

Холбоотой мэдээ