Зургаан төрлийн төсөлд 500 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-07-02 16:20:49
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Сүхбаатар хөгжил” үйлдвэрлэл технологийн парк /ҮТП/ байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэлх хугацаанд зургаан төрлийн төсөлд нийт 500 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Шалгарсан төслүүд бүгд амжилттай хэрэгжиж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, “Нисдэг сүрэг” зөгийн аж ахуй, сав баглаа боодлын үйлдвэр, сүү боловсруулах үйлдвэр, оёдлын үйлдвэр, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, ”Нутгийн ногооны амт” хүнсний ногоо тариалах, даршлах үйлдвэр гэсэн төслүүдэд санхүүжилт олгосон байна.

Зөгийн аж ахуйд 36 сая төгрөг олгосон. Энэ намар гэхэд 100 гаруй тонн зөгийн бал нийлүүлэхэд бэлэн болоод байгаа гэнэ. Цаашид үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор 80 ширхэг зөгийн үүр, 40 бүл зөгийг ОХУ-аас импортлож авахаар болжээ.

Харин өдөрт 2000 литр сүү боловсруулах хүчин чадалтай үйлдвэр анх 84 сая төгрөгийн санхүүжитээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Одоо нэрмэл, шар тос, сүү, тараг, шар сүү, ааруул, шар сүүний цэлцэгнүүр зэргийг үйлдвэрлэн аймгийн төвийн долоон цэцэрлэг, 20 гаруй худалдааны байгуулагатай хамтран бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Оёдол болон хайрцаг сав баглаа боодлын үйлдвэрүүд хэвийн ажиллаж байгаа бөгөөд орон нутаг төдийгүй хөрш зэргэлдээх аймаг сумдаас өөрсдийн гэсэн захиалагчтай болжээ.

“Ер нь манай төслүүд маш амжилттай хэрэгжиж байгаа. одоо хэрэгжиж буй төслийн хэрэгжилт, тэдгээрийн бүтээгдэхүүнүүдэд иргэд онц гэсэн үнэлгээг өгөөд байгаа. Цаашид аймаг орон нутагт хэрэгжүүлвэл хамгийн эрэлттэй гэх хэд хэдэн төслийг судлаж байна. ЖДҮ-ийг дэмжих сан бусад эх үүсвэрийн санхүүжилтээр нийт 13 төрлийн төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн судалгаа, туршлага судлах ажлууд хийгдэж байна.” гэж Сүхбаатар хөгжил ҮТП-ийн захирал Т.Шинэхүү ярилаа.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ