“Хөхүүрийн айраг” наадам “Хүйн долоо худаг”-т болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2018-07-04 16:43:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөхүүрийн айраг” наадмыг “Хүйн долоон худаг”-т долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэхүү наадам нь Монголын уламжлалт исэг цагаан идээ /айраг/-ний соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг, наадамчин олон, гадаадын аялагч, жуулчдад сурталчилан таниулах зорилготой юм. “Хөхүүрийн айраг” наадмыг МҮОНТ баяр наадмын өдрүүдээр орон даяар шууд дамжуулах юм.

Энэхүү наадамын хүрээнд  “Сайхан айраг”, “Шилдэг хөхүүр”, “Шилдэг гэр”  шалгаруулж, цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна. Шалгаруулалтад оролцох байгууллага, иргэд тус бүр нэгээс доошгүй хөхүүрт исгэсэн айрагтай ирэх ба оролцогч нь хөхүүрт айраг исгэж, хэрэглэдэг арга ухаанаараа нутаг усандаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, уламжлалт арга ухаанаа үр хүүхэд, нутаг усныхан, залуучуудад өвлөн уламжлуулсан байдал зэргийг харгалзаж шалгаруулна.

Оролцогчдын гэр нь өнгө үзэмж сайтай, дотроо бүрэн тавилгатай, тохижуулсан байх бөгөөд өөрийн өв соёл, уламжлалыг харуулсан айрагны хөхүүр, бүлүүр, борви, хул, модон хувин, хөхүүрийн хараа, хөхүүрийн өлгүүр гэх мэт соёлын өвд багтах эд хэрэгслүүдээс бүрдэхээс гадна гэрээ хаягжуулсан байх юм.

Мөн гэртээ хөхүүрийн айрагтай холбоотой язгуур урлаг, зан үйлийн үзүүлбэр, уламжлалт дэг ёсыг өвлөн уламжилсан байдал, тухайн нутгийн найрын дэг ёсны дагуу айрагны тухай ерөөл, магтаал, түрлэг оруулан дуулж буй байдал, мөн айргаар дайлах соёл, ёсолгоо, хувцаслалт, айраг исгэх, бүлэх зэргийг олон үзүүлэлтээр шалгаруулан шилдгүүдийг тодруулна.

Д.Өлзий
Холбоотой мэдээ