Завхан аймаг Бүгд Найрамдах Хятад Улсын Ганьсу мужтай хамтран ажиллах санал солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-07-04 18:51:27

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт Монгол-Хятадын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд Хятадын "Соёлын өдөр"-ийг долдугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, БНХАУ-ын Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв, Монгол-Хятадын найрамдал хамтын ажиллагааны гүүр ТББ хамтран зохион байгуулжээ.

Энэ үеэр БНХАУ-ын Ганьсу мужийн театрын 29 уран бүтээлч хүрэлцэн ирж Завхан аймгийн театрт ший жүжиг тогложээ. Тоглолтын үеэр алдарт Дуньхуаны бүжиг болон, тулааны ший, олон үндэстний бүжиг, дууг хослуулан үзүүллээ. Тоглолтонд оролцож буй Ганьсу мужийн жүжигчид, "-Хятадын ший жүжиг бол нүүр хувиргалт, будалтын урлаг юм. Мөн Ганьсу мужид олон үндэстэн ястан амьдардаг бөгөөд Дуньхуан нэртэй соёлын өв, аялал жуулчлалын томоохон цогцолбор бий. Энэхүү цогцолборт та бүхнийг очиж үзэхийг урьж байна. Мөн энэ нутгийн олон үндэстний аялгуу дуу, бүжгийг нэг дор үзүүлж буйдаа баяртай байна" хэмээв. Сонирхуулахад Ганьсу муж нь Хятадын баруун хойт бүс нутаг Шар мөрний дээд сав газарт байдаг. 454 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Ганьсу муж нь олон үндэстэн ястны өлгий бөгөөд 40 гаруй үндэстэн ястан оршин суудаг. Хан үндэстэн хүн амын хамгийн их буюу 20 сая байдаг нь нийт хүн амын 92 хувийг эзэлдэг ажээ.

Энд хотон, түвд, дунсян, уйгур, баоань, монгол, казах, түсала зэрэг үндэстний цөөнх амьдардаг ажээ. Мөн IIIIV зууны үеэс эхэлж, XIVXV зууны үе хүртэл бурханы шашны томоохон өв болон цэцэглэн хөгжиж байсан Дуньхуаны агуйн дурсгалт газар байдаг ажээ. Энд 1000 гаруй агуйд 45 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий хадан хануудаар зурж, сийлсэн бурхны хөрөг дүр, сургаал, судар, 2400 гаруй хөшөө сийлбэр хадгалагдаж буй нь зөвхөн сонирхох үзмэр төдийгүй шинжлэх ухаан, шашин судлал, түүх соёлын судалгааны үнэт өв ажээ.  

Завхан аймаг БНХАУ-ын Ганьсу мужтай хамтран ажиллах уулзалт боллоо


Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын зөвлөх Яан Чин Дун тэргүүтэй албаныхан Завхан аймагт зочилж хамтран ажиллах талаар аймгийн удирдлагуудтай санал солилцсон байна. Уулзалтын үеэр Завхан аймаг Ганьсу мужтай хөдөө аж ахуй, боловсрол, аялал жуулчлал, соёл урлагийн салбарт хамтран ажиллахаар болжээ. Тухайлбал Завхан аймаг малын мах, сүүг экспортлох, жимс жимсгэний үйлдвэр барих, хүүхэд залуучууд, багш нарыг солилцуулан сургах, хүүхэд залуучуудын ордон барихад Хятадын талаас дэмжлэг үзүүлэхийг санал болгожээ.Түүнчлэн Завхан аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Ганьсу мужтай хамтран ажиллах талаарх санал солилцсон байна. Уулзалтын үр дүнд ирэх 9 дүгээр сард Завхан аймгийн 10 залуу боловсон хүчин БНХАУ-ын тэтгэлгээр богино хэмжээний хөтөлбөрт хамрагдаж суралцахаар болов. Мөн Завхан аймагт хятад хэлний сургалтын төвийг байгуулах, энэ төвөөр дамжуулан багш, оюутан  солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ