Хурдан морины талбайд гэр эмнэлэг ажиллуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болох гэж байна. Энэ жилийн Хурдан морины салбар комисс анхны хурлаа хийж аймгийн Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу иргэд, наадамчин олон түмнийхээ ая тухтай наадах нөхцөл бололцоо, унаач хүүхдүүд болон уралдаж буй хурдан морьдын аюулгүй байдлыг нь хангахад чиглэгдсэн шийдвэр уриалгыг гаргаад байна.
"Хурдан морьдын уралдааныг автомашин дагах асуудлыг хориглосон шийдвэрийг хоёр дахь жилдээ гаргаад байна. Тиймээс уяачид, хурдан морь сонирхогч та бүгдийг Наадамчин олноо хүндэтгэж хурдан морь дагахгүй байх шийдвэрийг дэмжин сайхан наадна гэдэгт итгэж байна. Машин дагахгүй байх нь олон талын ач холбогдолтойг хүн бүхэн мэдэж байгаа байх. Морины наадам үзэхээр Алдархаан сумын төвөөр тойрч талдаа 80 км орчим, хоёр талдаа 160 гаруй км явж бухимдаж, эдийн засаг, цаг хугацаагаар хохирдог асуудлыг болиулж, Доной нисэх буудлаар дайрч зогооныхоо араар шууд морь барианыхаа газарт очиж хурдан морьдын уралдаанаа үзэх боломжоор иргэд, наадамчин олон хангана. Морь барианы талбайг нас насны морьд ирэх болгоны өмнө усалж, наадамчин олон түмэн хурдан морио тоос шороогүй ая тухтай үзэх боломж бүрдүүлж байгаа. Түүнчлэн хурдан морины наадмын талбайд /Алагийн дөрөлжийн өвөрт/ явуулын “Гэр эмнэлэг” ажиллуулах гэж байна. Тухайн насны морьд ирэх бүрт айргийн тавд хурдалсан морьдын мэдээллийг цаг тухай бүрт нь наадмын төв стадион болон морь барианы газарт өгнө. Наадамчин олон түмнээ хоггүй наадахыг уриалж хогийн савыг байрлуулна. Морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, хяналт тавьж ажиллана. Унаач хүүхдүүдийг бугуйн зүүлтний электрон бүртгэлд оруулж ажиллана. Мөн даатгалын компани амь даатгал хийнэ" хэмээн Завхан аймгийн наадмыг зохион байгуулах хурдан морины салбар хорооноос мэдээллээ.
Б.Мягмарсүрэн