Сүхбаатар суманд мал нядлах цех үйл ажиллагаагаа эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-05 10:17:25
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд байрладаг “Сэлэнгэ үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын дэргэд мал нядлах цех үйл ажиллаж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар махны ченжүүд ариун цэврийн шаардлага хангаагүй, стандартын бус орчинд өөрсдийн гараар мал нядалж, махыг нь худалдаалсаар байгаа юм. Харин иргэд гарал үүсэл нь тодорхойгүй ямар орчин нөхцөлд нядалж төхөөрсөн нь үл мэдэгдэх мах махан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэж байна. Иймээс үүнийг цэгцлэх, ард иргэдээ чанартай, цэвэр аюулгүй орчинд нядалж бэлтгэсэн мах хүргэх зорилгоор энэхүү цехийг ашиглалтад оруулжээ. Тус цех нь ард иргэдийн малыг хүлээн авч, малын эмчийн хяналтан дор үзлэг хийж, цэвэр орчинд төхөөрч, нядлаад хүлээлгэн өгдөг байна. Түүнээс гадна малын хулгайгаас сэргийлэхээс ажил давхар хийгдэж буйгаараа ач холбогдолтой аж.

Тус цехийн хашааг өргөтгөн камержуулалт хийн цэвэр бохир усны асуудлыг шийдсэнээр ариун цэвэр, эрүүл ахуйн стандарт хангасан үйлчилгээ болж байгаа юм байна. Эднийх бод малыг 26 мянган төгрөгөөр, бог малыг таван мянган төгрөгөөр төхөөрч, гэдэс дотрыг нь цэвэрлэн, махыг сэврээж, хөлдөөх зэрэг үйлчилгээнүүдийг хийдэг гэнэ. Үйлчлүүлэгч урд өдөр нь малаа гарал үүслийн бичгийн хамт хүлээлгэн өгч маргааш өдөр нь махаа хүлээн авах боломжтой аж. Учир нь үдээс өмнө ихэвчлэн махны ченжүүдийн мал нядалдаанд ордог байна.  Мөн тус газар нь орчин үеийн зориулалтын хөргүүрийн системийг ашиглаж, том хэмжээний хөргүүр ажиллаж байгаа учир иргэд их хэмжээний мах, ногоо, жимс зэрэг бүтээгдэхүүнээ хөлдөөлгөх, хадгалуулах боломжтой юм байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ