Залуусыг тээврийн салбарын ажлын байранд зуучилж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-07-06 14:09:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байраар хангах зорилгоор Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар /НЗХГ/, “Монгол тээвэр нэгдэл” ХХК хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр байгууллаа.

Санамж бичигт НЗХГ-ын дарга С.Сүх-Очир, “Монгол тээвэр нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Ганболд нар гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд “Монгол тээвэр Нэгдэл” ХХК-ийн 16 гишүүн компани уул уурхай, орон нутаг, хот хоорондын болон олон улсын тээврийн чиглэлд жолоочийн 80 ажлын байр зарлах юм.

“Монгол тээвэр нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Ганболд ярихдаа, “Монгол Улс-БНХАУ-ын хилийн Гашуунсухайт боомтоор 10-13 мянган машин тээвэрт гардаг. Энд ажиллаж байгаа бүх компани дунджаар 20 хувийн ажлын байрны дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл нийт машины мянга нь тээвэрт явахгүй байна гэсэн үг. Зөвхөн 100 машин хилээр нүүрс тээвэрлэхэд улсын төсөвт дунджаар 8 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Ажлын байр дутагдсанаар энэ орлого тодорхой хэмжээгээр зогсож байна. Боловсон хүчнээр хангахын тулд  залуучуудыг заавал сургалтад хамруулах шаардлагатай байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс НЗХГ-тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Эхний 80 ажлын байрны зуучлал амжилттай болбол дараагийн ажлын байрны сургалтыг хамтарч явуулна. Тухайлбал, уул уурхайн тээвэрлэлтээс гадна сүүлийн жилүүдэд олон улсын тээвэрт түлхүү анхаарч ажиллах болсон. 2016 онд гурван улсын Ерөнхийлөгчийн байгуулсан гэрээний дагуу БНХАУ-ын Тяньжин боомтоос ОХУ-ын Улаан-Үд хүртэл туршилтын тээвэр хийсэн. Энэ оны есдүгээр сард энэ гэрээ албан ёсоор хэрэгжиж эхлэх үед хэлний мэдлэгтэй боловсон хүчнийг НЗХГ-аар дамжуулан сургалтад хамруулна” гэв.

Мөн үеэр, НЗХГ-ын дарга С.Сүх-Очир, “Санамж бичигт тусгасны хүрээнд залуучуудыг эерэг харилцаатай, ажилдаа хариуцлагатай, хорт зуршлаас ангид байлгах зорилготой найман удаагийн давтамжтай сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулна. Үүнд 21-ээс дээш насны С, Е ангиллын жолооны үнэмлэхтэй залуусыг энэ сарын 16-23-ныг хүртэл  НЗХГ-т бүртгэж байна” гэлээ.

Дээрх ажлын байрны цалин 1.5-2 сая төгрөг бөгөөд тогтвортой ажиллавал 4 сая төгрөг хүртэлх цалин авах боломжтойг “Монгол тээвэр нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга хэллээ.
 
O.Болорцэцэг

Гэрэл зургийг Т.Чимгээ
 

Холбоотой мэдээ