Олон мянган нисэх онгоц шинээр үйлдвэрлэх шаардлагатай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-16 14:01:34
twitter.com/Nyamkanmk
ЛОНДОН. /AFP/. Дэлхий дахинд нисэх онгоцны эрэлт асар хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор ирэх 20 жилийн хугацаанд 43 мянга гаруй нисэх онгоц шинээр үйлдвэрлэх шаардлагатай гэж "Боинг" компанийн гүйцэтгэх захирал Деннис Мюлленберг мэдэгджээ.

Английн Фарнборо хотноо өнөөдөр эхлэх Олон улсын агаарын техникийн үзэсгэлэнгийн өмнөхөн тэрбээр, “Агаарын техникийн зах зээлийн өсөлт маш хүчтэй байна. Ирэх 10 жилийн хугацаанд худалдаа, үйлчилгээ, тээвэр, батлан хамгаалах салбаруудын зах зээл 8.1 триллион долларт хүрнэ гэж бид харж байна. Цаашлаад ирэх 20 жилд энэ тооцоо улам нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ дэлхий дахинд ойролцоогоор 43 мянга орчим арилжааны нисэх онгоц шинээр шаардлагатай болно. Энэ нь өнгөрсөн онд гаргасан таамаглалаас өссөн үзүүлэлт юм” гэж мэдэгдлээ.

Түүний дурдсан таамгийн талаархи тайланг “Боинг” компани маргааш буй “Фарнборо-2018” агаарын тээврийн үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр дэлгэрэнгүй танилцуулах юм.

Харин “Боинг” компанийн өрсөлдөгч Европын “Airbus” компанийн таамаглаж байгаагаар, ирэх хорин жилийн хугацаанд зорчигч тээврийн онгоцны тоо хоёр дахин нэмэгдэж, 48 мянгад хүрэх аж. Мөн тус компанийн гаргасан зах зээлийн шинэчилсэн таамгаар 2037 он гэхэд дэлхийн дахины агаарын тээврийн эрэлтийг хангахад 37400 шинэ нисэх онгоц хэрэгтэй бөгөөд энэ нь 5.8 триллион доллартай тэнцэж юм.

Д.Нямтулга
 
Холбоотой мэдээ