Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн тоо буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-07 17:47:17

Норвегийн тусламжийн байгууллагаас Ховд, Баян-Өлгий аймгийн ЕБС-ийн дотуур байранд хэрэгжүүлж буй "Хүүхдийн эрх-хөгжил-2" төслийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр Контенинталь зочид буудалд боллоо.

Зөвлөлдөх уулзалтад тус аймгийн удирдлагууд, сургуулийн захирлууд, төслийн нэгжийн төлөөлөл, хамтран ажиллагч байгууллагын төлөөлөл оролцож тухайн орон нутагт хэрэгжсэн төслийн үр дүн, цаашид анхаарах зүйлсийн талаар мэдээлэл сонсч, харилцан санал бодлоо солилцов.

Энэ жил Монгол Улсын хэмжээнд 33 мянга гаруй хүүхэд сургуулийн дотуур байранд амьдарч байна. Харин энэ тоог өмнөх жилүүдтэй харьцуулахад жилээс жилд буурч байгаа аж. Улсын хэмжээнд 38-39 мянган хүүхдийг дотуур байранд хамруулах боломжтой гэсэн тоо бий.

Дотуур байранд суух хүсэлт гаргах хүүхдийн тоо сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 42 мянгаас 35 мянга 500 болж буурч байгаа нь хүртээмжээс хамаарсан хэрэг биш дотуур байрны үйлчилгээнээс хамаарч байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Мөн дотуур байранд ажиллаж байгаа хүний нөөцийг чадавхижуулах төлөвлөгөө гарган мөрдүүлж, “Хүүхэд хамгааллын бодлого” батлан хэрэгжүүлэх шаардлагатай. Иймд сургууль, эцэг эх, дотуурны багш нарын дунд гурвалсан гэрээ байгуулж, үүрэг хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй. Ер нь жилийн 9 сарыг нь гэр орноосоо хол, дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийг аль болох ая тухтай, сурч боловсорч, хөгжих нөхцлийг хангасан тохилог орчинд байлгах ёстой. Иймд дотуур байр бүр хүүхэд хөгжүүлэх өрөө танхимыг орон нутгийн хөрөнгө, хандив тусламжаар байгуулж, тэдгээрийн ажиллах журам тогтолцоог бий болгох, дотуур байр бүр хүүхдийн зөвлөлтэй болж, тэдгээрийг чадахижуулснаар байрны нөхцөл байдлыг сайжруулахад хүүхдийн санал санаачилга, оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээж байв.

Дотуур байранд хамарч байгаа хүүхдийн хоногт авбал зохих хүнсний бүтээгдэхүүн, үндсэн шимт бодис илчлэгийн хэмжээг Засгийн газрын түвшинд баталж, түүнд шаардагдах зардлыг жил бүр хүнсний үний өөрчлөлттэй уялдуулан шинэчлэн тогтоож хэвших, нэгж дотуур байранд амьдарч буй хүүхдийн тоо, насны ангиллыг харгалзан хоолны зардлыг ялгавартай байх боломжийг судлан шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг ч хэлж байлаа.

Энэ бүхнийг шийдвэрлэхэд тус төсөл сүүлийн 8 жилийн турш анхаарлаа хандуулж, ихээхэн зүйлийг хийж бүтээгээд байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ