Хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-07-19 10:17:36
ТИРАНА. /Синьхуа/. Албани улсын Ерөнхийлөгч Илир Мета тус улсад хоёр өдрийн айлчлал хийж буй Хорватын Ерөнхийлөгч Колинда Грабар-Китаровичтай яриа хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхээр өнгөрсөн лхагва гарагт тохиролцсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр хоёр улсын удирдагчид олон зуун жилийн түүхтэй найрсаг харилцааныхаа тухай онцлон тэмдэглэсэн байна. “Манай хоёр улсын харилцаа өнө эртний түүхтэй билээ. Энэ хугацаанд маш олон чухал үйл явдал болж өнгөрсөн. Албани улсыг Европын холбооны гишүүн улс болох үйл явцад ихээхэн дэмжлэг үзүүлсэн Хорватын ард түмэнд талархал илэрхийлье” гэж И.Мета тэмдэглэжээ.

“Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаанд гарсан ахиц дэвшил хийгээд тээвэр, холбоо болон дэд бүтцийн бүтээн байгуулалтад гарсан дэвшлийг нэн тэргүүнд онцлох нь зүйтэй. Өнгөрсөн онд хоёр улсын хоорондын худалдааны хэмжээ 20 хувиар өссөн билээ. Өнөөдрийн уулзалтаар цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэн бэхжүүлэх тухай асуудалд анхаарал хандуулна” гэж Хорватын Ерөнхийлөгч мэдэгджээ.

Айлчлалынхаа хүрээнд Хорватын ерөнхийлөгч Албанийн Ерөнхий сайд Эди Рама болон эрх баригч намын дарга Грамоз Ручи нартай уулзаж, парламентын хуралдаанд оролцон мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэх юм байна.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ