“Хүүхдийн хөгжлийн төв” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 21:58:32

Дархан-Уул аймгийн НХҮхэлтэсийн хуучин барилгыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан “Хөгжлийн төв” болгохоор аймгийн Засаг дарга шийдвэрлэсэн юм.

Уг “Хөгжлийн төв”-ийг байгуулахад төр, төрийн бус байгууллагууд болон сайхан сэтгэлт олон хүний хандив, хүч хөдөлмөрөөр засвар тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Нийт хөрөнгө оруулалт нь 21 орчим сая төгрөг болсноос “Дэлхийн Зөн” ОУБ-ын Дархан Нутгийн хөгжлийн хөтөлбөр найман сая төгрөгийн өртөг бүхий засварын ажил, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн. Энэ хөрөнгөөр уг төвийн цэцэрлэгийн өдөр өнжүүлэх ангийн засварын ажил болон техник тоног төхөөрөмж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд албан бус боловсрол олгох ангийн засварын ажлыг тус тус хийж гүйцэтгэлээ гэж “Дэлхийн Зөн” Дархан НХХ-ийн менежер У.Ганцэцэг ярилаа.

Түүнийг тус төвд оруулсан хөрөнгө оруулалтуудын ашиглалт, гүйцэтгэлтэй танилцаж байхад нь уулзаж энэхүү мэдээллийг авсан юм.

Дэлхийн Зөн ОУБ-ын Дархан Нутгийн хөгжлийн хөтөлбөр нь тус аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болон Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтэстэй хамтарч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлд зориулсан хөгжлийн төвийг байгуулахаар 2014-2015 онуудад нөлөөллийн ажлыг явуулсны үр дүнд ийм шийд гаргажээ.

 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ