К.Рамафоза: БРИКС 10 жилийн хугацааг ололт амжилтаар дүүрэн үдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-26 10:05:53
twitter.com/Nyamkanmk
ЙОХАННЕСБУРГ. /Sabcnews/. БРИКС байгуулагдсанаас хойш 10 жилийн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд энэ хугацаанд тус эвсэл дэлхийн хөгжлийн хөтөлбөрт томоохон дэвшлийг бий болгосон гэж Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Кирилл Рамафоза мэдэгдлээ.

Тэрбээр БРИКС-ийн Бизнесийн форумыг нээж үг хэлэхдээ, эвсэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийг дэмжих зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэсэн олон алхмыг хийсэн гэж мэдэгдсэн байна.

БРИКС-ийн орнууд хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт өнгөрсөн хэдэн жилд асар хурдацтай өсч, өнгөрсөн оны байдлаар 5.1 хувьд хүрчээ. Үүнээс гадна "БРИКС" банкийг байгуулсан нь тус эвслийн томоохон ололт амжилтуудын нэг байсан юм. Энэхүү банкийг байгуулсан цагаас хойш тус банк нийтдээ 5.1 тэрбум доллар, өнгөрсөн онд 1.7 тэрбум долларын зээл олгожээ.

“БРИКС-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагаа санхүү, хөдөө аж ахуй, худалдаа, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал зэрэг салбарт эрчимтэй өргөжин тэлж байна. БРИКС байгуулагдсан 10 жилийн хугацаанд бидний хийсэн томоохон ололт амжилтуудын хамгийн чухал нь Шинэ хөгжлийн банкийг байгуулсан явдал байсан юм. Энэ банк байгуулагдсанаар төслийг санхүүжүүлэх асуудлыг бүрэн шийдэж өгсөн” гэж Өмнөд Африкийн төрийн тэргүүн нэмж хэллээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ