МАН намд биш хүнд санал өгөх тогтолцоог дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-08 14:16:28

УИХ дахь МАН-ын бүлэг хар машиныг хяналтын тооллоготой болгох, намыг биш хүнийг сонгох тогтолцоог шаардаж байгаагаа мэдэгдэв. 

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр бүтэн өдөр хуралдаж, Сонгуулийн хууль болон бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн байр сууриа нэгтгэсэн. Энэ талаар өнөөдөр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ.

Сонгуулийн хуулийг өөрчилж, батлахад ердөө 20 хоногийн хуулийн хугацаа үлдээд байгаа. Энэ хариуцлагатай цаг үед Сонгуулийн хуульд зайлшгүй шаардлагатай тодорхой өөрчлөлтүүдийг оруулах ёстой гэж үзэж МАН-ын бүлэг мэдэгдэл гаргахаар болсон гэж бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо. Тус бүлгийн хувьд сонгуулийн саналыг хар машинаас гадна гар тооллогоор давхар тоолж баталгаажуулах, хар машины хэвийн үйл ажиллагааг хөндлөнгийн байгууллагаар урьдчилан баталгаажуулах зохицуулалтыг Сонгуулийн хуульд тусгах, УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн өөрийн нам, эвслээс гарвал эргүүлэн татдаг тогтолцоог бүрдүүлэх, сонгуулийн зөрчил маргааныг хурдан хугацаанд шийддэг болох, дахин болон нөхөн сонгуулийн хугацааг хуульд тодорхой зааж өгөх, Сонгуулийн хууль зөрчсөн хүмүүст хүлээлгэх хариуцлагыг чангатгах зэрэг санал оруулахаар нэгджээ.

Мөн тус бүлэг намыг биш хүнийг сонгодог тогтолцоог дэмжинэ гэдгээ мэдэгдэж байв. Тодруулбал иргэд намын нэрийг дугуйлж, түүний ард байгаа хэн нь мэдэгдэхгүй хүмүүс сонгогдох бус хүнийг нь сонгон шууд саналаа өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Энэ талаар С.Бямбацогт гишүүн “Сонгуулийн 48х28 гэсэн тогтолцоонд хүнийг нь сонгох хувилбар байгаа. О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн төсөлд мөн 38 мандат нь 26 тойргоос, үлдсэн 38 нь нэг тойргоос сонгогддог тогтолцоог дэвшүүлсэн. Энэ бол бас хүнийг сонгодог тогтолцоо. Улс төрийн намууд бас 28 мандатад намыг биш хүнийг сонгох нь зөв гэж зөвшилцөж байгаа. Энэ 28-аа таван бүсэд хуваагаад, нэр дэвшигчээ дэвшүүлэх талаар ярилцана. МАН бол нам биш хүн сонгодог тогтолцоог л барьж ажиллана” гэв.

Үүнээс гадна саналын хуудсанд нам, эвсэл, нэр дэвшигчийг бичихдээ УИХ-д суудалтай, суудалгүйгээр нь ялгах биш Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг баримтлах ёстой гэж үзжээ. Харин СЕХ-г татан буулгаж, төв газар болгохыг МАН-ын бүлэг дэмжихгүй гэв.

Мэдээллийн үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Шударга сонгууль явуулахын тулд хар машины эргэлзээг тайлж, санал хураалтын дараа бүх саналыг гараар тоолж, нягтлах хэрэгтэй. Эрх баригчид хар машинаар хяналтын тооллого хийлгэхгүй гээд байгаа нь иргэд болон намуудын эргэлзээг улам бататгаж байна " гэсэн юм.

Н.Гантуяа

Гэрэл зургийн Т.Чимгээ

Холбоотой мэдээ