Тарваган тахал өвчний болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-02 20:54:08
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Тарваган тахал өвчний улиралчлал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд амралт, зугаалгаар явахдаа тарвага хулгайгаар агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авах, бусдад худалдах, тээвэрлэх, тарваганы хүн мах, эрхтнийг эмчилгээний зорилгоор түүхийгээр идэхээс татгалзаж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс уриаллаа. 
2018 оны долоодугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймагтай хил залгаа Баянхонгор аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 31-ний өдөр ЗӨСҮТ-д хийгдсэн лабораторийн шинжилгээгээр онош үгүйсгэгдсэн билээ. Тус тохиолдлын сэжигтэй тохиолдлын өвчтөний нэгдүгээр хавтлын 8 хүн, хоёрдугаар хавьтлын 19 хүн байгааг илрүүлэн тогтоож, тусгаарласан ба эдгээр хүмүүсээс өвчтөний нэгдүгээр хавтал болох 8 хүний 3 нь Говь-Алтай аймгийн Чандмань сумд зорчин ирснийг олж илрүүлэн тус сумын ЭМТ-д тусгаарлан урьдчилан сэргийлэх эмчилгээ хийжээ. Үүнтэй холбогдуулан тус сумын Онцгой комиссыг хуралдуулан сумын төвд зохион байгуулагдаж байсан олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоон  эргүүл пост гаргаад байна. Иймээс тус аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс иргэд хөдөлмөрчдөд сэрэмжлүүлэг мэдээг хүргээд байна.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ