Оюутнууд зуны амралтаараа хүүхэд залууст оюуны хөрөнгө оруулалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-03 16:29:15
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын “Уул–Алтай” оюутны холбооны залуус зуны амралтаараа төрөлх нутгийнхаа хүүхэд багачууд, үе тэнгийнхэндээ өөрсдийн мэддэг чаддагаа түгээн дэлгэрүүлж оюуны хөрөнгө оруулалт хийж байна.
Тухайлбал, урлаг соёлын /бүжгийн/ дугуйлан, ургийн бичиг хөтлөх сургалт, спортын олон төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулаад байна. Эдгээрээс гадна сар шинийн өмнөхөн малчдадаа туслах аяныг өрнүүлэн, хүнд хэцүү цагт малчин түмэндээ дэм болж, хөдөөгийн сургууль цэцэрлэгт суралцаж буй хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор спортын тэмцээн уралдаануудыг зохион байгуулдаг уламжлал тогтсон ажээ. Түүнчлэн энэ зун анх удаа Баян сайхан нутагтаа холбооныхоо нэрэмжит “Баянгийн зун” бэсрэг наадмыг зохион байгуулжээ. Баяр наадмын үеэр УИХ-ын гишүүн, Хуул зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд зочилж, оюутан залуусын үйл ажиллагааг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв. 
“Уул–Алтай” оюутны холбоо нь төрөлх нутгийнхаа залуусын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нэгдмэл удирдлагаар ханган, тэдний эрх ашгийг хамгаалах, нутаг орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах эрхэм зорилготой гэнэ.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ