Шашин соёлын наадмын Хүрээ цамын ёслол эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
erdenechimeg@montsame.mn
2018-08-05 10:41:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүй долоон худагт болж байгаа "Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын гол үйл ажиллагаа буюу цам харайх ёслол эхэллээ.
Цам нь буддын шашныг дэлгэрүүлэх, газар лусын эздийн уур хилэнг намжаах, хүн ардад учирсан гай зовлон, ад зэтгэрийг арилгах зорилгоор нууц тарнийн ёсонд тулгуурлан үйлддэг шашны томоохон зан үйл юм.  Цам нь төвд хэлээр бол нам дарах гэсэн утгатай үг бөгөөд буддын шашны үлгэр домгийн дүрүүдийг биетээр үзүүлэн бурхан чөтгөр, буян нүглийн утга учрыг сүсэгтэн олонд таниулах зорилготой. Нууц тарнийн ёсны дэг сахилга хатуу учир цамын Чойжин сахиусны бясалгалыг хийж, дотоод санаа бодол нь номын зүгт бүрэн хандсан, номын абшиг санваар хүртсэн лам хуврагууд л цамд цамнадаг бөгөөд ёслол болохоос 1-2 сарын өмнөөс бэлтгэл хийдэг байна.

Цам харайх ёслолын нэг гол хэсэг нь Цагаан өвгөн бүжих ёслол юм. Урт цагаан сахалтай, цагаан дээлтэй өвгөн урт нас, удаан жаргал, өлзий хутга, буян хишгийг олон түмэнд түгээн элгэмсүү дотноор цамнан бүжиж хишиг буянаа хайрлан сүсэгтэн олонд идээ будаа тараана.
Үүний дараагаар Үхээрийн эзэд буюу хохимой нар цамнахад хон хэрээ тэднийг дагасан байх ба хэрээ ариун тахилд хүрч бузарлахыг оролдоход хохимой түүнийг хамгаалж буй дүр үзүүлэн бүжиглэдэг.
Энэ үед хөгжим улам чанга сүртэй болж Хуушин хаан найман хүүхдийн хамтаар гарч ирнэ. Тэд хуран цугласан олныг баясгагч дүрүүд юм. Тэдний дараа шашны хамгаалагч бурхад буюу зовлонгоос гэтэлгэгч Гомбо, эд баялгаар хангагч Намсрай, шашны хамгаалагч эм бурхан Лхам, дайчин тэнгэр Жамсран, тэдгээрийг дагалдагч Буга толгойт Шива, Үхэр толгойт Махиа нар гарч ирнэ. Тэдний бүжиг маш хурц ширүүн байдаг.

Үүний дараа цамын бүжигт баг зүүдэггүй дүр болох Хар малгайт шанагууд цамнаж, шашныг үүрд хамгаалах ам тангараг өргөсөн таван хааныг урин зална. Таван хааны богинохон маш ширүүн бүжгийн дараагаар Эрлэг номун хаан буюу Дамдинчойжоо бухын толгой бүхий багтай бөгөөд нэг гартаа тэрсүүтнийг барих цалам, нөгөө гартаа дүүрэн цустай гавал аяга барьсан гарч ирдэг. Түүнийг гарч ирснээр цам бүжгийн хамгийн оргил хэсэг эхлэх бөгөөд цамын талбайн голд байрлах сорыг тойрсон 2 тойрог үүсгэн бүжиглэнэ. Дотор тойрогт гол догшин бурхад, гаднах тойрогт шанага малгайтнууд бусад дагалдагч бурхад байх агаад бүх сорыг гурван удаа тойрч эргээд “Ансол” хэмээх ном уншина. Үүний дараа анх гарч ирсэн эрмбээрээ анх гарч ирсэн дугандаа залрах бөгөөд лам нар сорыг дүрэлзэж буй гал руу хийн шатааснаар ёслол өндөрлөх юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ