Европын зарим хэсэгт агаарын дулаан цельсийн 46 хэмд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-08-06 11:11:22
ЛИССАБОН. /Эн-Эйч-Кэй/. Европ тивийн зарим хэсэгт хэт халалт үргэлжилж, Испани болон Португалид агаарын дулаан цельсийн 46 хэмд хүрсэн тухай телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв.

Цаг уурын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, Африк тивээс халуун агаар түрэн орж ирсний улмаас агаарын дулаан ийнхүү өндөр хэмд хүрээд байгаа юм байна. Францын өмнөд хэсэгт хэт халалтын улмаас Фессенхейм дэх атомын цахилгаан станцын цөмийн реакторыг түр зогсооход хүрчээ. “Реакторыг хөргөдөг голын ус хэт бүлээссэн учир түр зогсоох шийдвэр гаргасан” гэж тус цахилгаан станцын ажилтан мэдээлсэн байна.

Испанийн хилтэй ойрхон оршдог Португалийн өмнөд хэсгийн Алгарве бүст хэт халуун хийгээд хэт хуурай агаар тогтсоны улмаас ойн түймэр гарсан байна. Уг түймрийг унтраахад 700 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа бөгөөд хамгийн багадаа 6 хүн бэртэж гэмтээд байгаа ажээ. Харин Финландад агааржуулагчтай айлууд цөөн байдаг тул нийслэл Хельсинки хотын нэгэн худалдааны төв хэрэглэгчдээ агааржуулагчтай хэсэгтээ ирж унтахыг урьсан байна.

Европ тивд нүүрлээд буй хэт халалт цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд эдийн засгийн үр нөлөө хийгээд хүмүүсийн эрүүл мэндэд үүсэх сөрөг үр дагавар зэрэг тулгамдсан асуудлууд нэмэгдсээр байгаа ажээ.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ