Сонгуулийн хуулиар УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-08 15:06:18

Сонгуулийн хуулийн төслийн талаар улс төрийн 10 гаруй намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар нийлж, УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлэх болсоноо өнөөдөр мэдэгдэв. 

УИХ дахь АН-ын бүлэг Сонгуулийн хуулиас өмнө Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан МАН, МҮАН, Бүгд найрамдах нам, Иргэний хөдөлгөөний нам зэрэг улс төрийн 10 гаруй намын дарга нар Сонгуулийн хуулийг яаралтай хэлэлцэхийг шаардан УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод хоёр хоногийн хугацаатай шаардлага хүргүүлж байгаа аж. 

МАН-ын ЕНБД Ж.Мөнхбат энэ талаар "Сонгуулийн хуулийн төслийг УИХ-д өргөн бариад хоёр сар болж байна. Энэ хугацаанд УИХ Сонгуулийн хуулийг хэлэлцэх асуудлыг дэмжсэн боловч АН-ынхан Сонгуулийн хуулийг батлахаас цааргалж байна. Сонгуулийн хуулийг батлахад 20 хоног бол хангалттай хугацаа" гэв. 

Бүгд найрамдах намын Нарийн бичгийн дарга Б.Зоригоо "Олонхийн зарчим гэдэг нь олонхи нь гаргасан шийдвэрээ дэмжих ёстой. Гэтэл Монгол Улсад бүртгэлтэй 23 намын 22 нь дэмжчихээд байгаа Сонгуулийн тухай хуулийн яагаад олонхийнх гэж үзэхгүй байгаа юм. Хэрвээ Сонгуулийн хуулийг хэлэлцэхгүй, энэ асуудлыг авч шийдэхгүй бол улс төрийн намууд хатуу арга хэмжээ авна. УИХ, Засгийн газрыг тараах хүртэл арга хэмжээ авна" гэлээ. 

Н.Туяа

Холбоотой мэдээ