Ц.Цогзолмаа:Нарны хорооллын сургууль, цэцэрлэгийг улсын мэдэлд авах асуудлыг Засгийн газарт тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunzaya@montsame.mn
2018-08-07 14:15:33
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн нарны хорооллын цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгын ажил  нь  өнгөрсөн жил дууссан. Гэвч барилгын ажлыг гүйцэтгэсэн “Хурд” групп болон Засгийн газар хоёрын хоорондын зөрчлөөс болж, одоо хүртэл ашиглалтад ороогүй. Харин өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус цогцолбортой танилцаж, маргаашийн Засгийн газрын хуралдаанаар нарны хорооллын сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсынх болгох асуудлыг танилцуулж шийдвэрлүүлнэ гэж мэдэгдлээ.

Тэрээр “Барилга хөгжлийн яам, Сангийн яам, БСШУСЯ-ны хамтарсан ажлын хэсгүүд тус цогцолборын улсад авах асуудлаар өнгөрсөн тавдугаар сараас хойш ажилласан бөгөөд нэгдсэн дүгнэлтээ Сангийн яаманд хүргүүлсэн. Холбогдох яамд улсын мэдэлд авахыг дэмжиж байна гэсэн санал ирүүлсэн. Иймд маргаашийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн БСШУСЯ тухайн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох болно” гэв.



Тус сургууль нь 960 хүүхдийн багтаамжтай, нийт 32 анги, танхимтай. Харин  цэцэрлэг 280 хүүхдийн хүртээмжтэй, хэрэгцээт тоног төхөөрөмж бүрэн юм байна.

Цэцэрлэг, сургууль наймдугаар сарын 15-наас цэцэрлэг сургууль бүртгэлээ хийн, ирэх сарын нэгэн гэхэд тус цогцолбор харьяа хороо, дүүргийн оршин суугчдын хүүхдүүдийг хүлээн авах боломжтой юм. 
 
Мөн цогцолборын тухайд, “Нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ нь нийт барилгын хэмжээнээс том. Уг барилгын ажлыг  22.7 тэрбум төгрөгөөр барьсан”  хэмээн тус цогцолборын  барилгын ажлыг гүйцэтгэсэн “Гранд слаб” компанийн захирал Д.Буянбат онцоллоо.

Баянгол дүүргийн оршин суугч Н.Сүрэнхорлоо хэлэхдээ, “Нарны хороолол нь 4000 гаруй оршин суугчтай. Бид нарны хорооллыг сургууль, цэцэрлэгтэй гэдгээр нь сонгосон. Тус цогцолборыг  бид улс авах хэрэгтэй гэдгийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн шаардсан. Энэ барилга ашиглалтад орох нь маш чухал” гэв.
     
У.Түвшинбаяр
    

Холбоотой мэдээ