Тайван жагсаалын үеэр үймээн дэгдээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
172@montsame.mn
2018-08-11 21:49:22
БУХАРЕСТ. /РИА Новости/. Румыны Ерөнхий сайд Виорика Данчилэ баасан гарагт Бухарестад болсон засгийн газрын эсрэг жагсаал цуглааны үеэр үймээн самуун дэгдээснийг эрс буруушааж, хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхийг тусгай албадаас шаардсан тухай тус улсын засгийн газрын хэвэлийн албанаас мэдээлснийг РИА Новости агентлаг уламжлав.
 
“Эсэргүүцлээ тайван замаар илэрхийлж байсан жагсагчид болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хооронд мөргөлдөөн үүсгэх зорилгоор зохион байгуулалттай бүлгүүд цагдаа нар руу халдаж, нийтийн өмч хөрөнгийг сүйтгэсэн болох нь Дотоод хэргийн яамны тайлангуудаас харагдаж байна” гэж засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлэлд тэмдэглэжээ.
 
Баасан гарагт Бухарестад болсон олон нийтийн жагсаал цуглааны үеэр үймээн самуун дэгдэж, 450 хүн хохирсон ба тэдний дотроос 70 хүн эмнэлэгт хүргэгдсэний 11 нь цагдаа байсан байна. Жагсагчид парламентыг тарааж, сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулж, 300 сенаторчтой нэг танхимтай парламент бүрдүүлэхийг шаардсан аж. Тэд мөн татварын тогтолцоо, тэтгэврийн шинэтгэл, нийгмийн халамжийн тогтолцоо зэргийг эрс шүүмжилж байжээ.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ