Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 17 барилга угсралтын ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-24 12:06:06
Говь-Алтай /МОНЦАМЭ/ 2018 онд Говь-Алтай аймагт  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 40 төсөл, арга хэмжээнд 42,2 тэрбум төгрөг батлагдсанаас энэ онд 20,5 тэрбум төгрөг төсөвлөгджээ. Одоогоор дээрх ажлуудаас 17 нь барилга угсралтын ажлаа эхлүүлсэн бөгөөд үүнээс ес нь энэ онд гэрээт хугацаандаа хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. 
Тухайлбал есөн барилгын нэг нь 2013 онд барилгын шаваа тавьсан Тайшир сумын цэцэрлэгийн барилгын ажил юм. Тус барилга нь нийт 875 900 000 төгрөгийн төсөвт өртгөөр баригдаж буй бөгөөд барилгын үлдэгдэл ажилд зарцуулагдах 338 400 000 төгрөгийг нь улсын төсвөөс олгожээ. Барилгын гүйцэтгэгчээр “Шатат” ХХК ажиллаж одоогоор ажлын гүйцэтгэл 90-ээд хувьтай явагдаж байна. Түүнчлэн энэ онд улсын төсвийн хөрөнгөөр баригдах ажлуудаас онцлон танилцуулвал, 1 100 000 000 төгрөгийн өртөгөөр тус аймгийн Дарив сумд 320 хүүхдийн сургуулийн барилгын ажил эхэлж 2019 онд ашиглалтад оруулах гэнэ. Одоогоор суурийн цутгалтын ажил хийгдэж байгаа ажээ. Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас тус барилгын угсралтын ажилтай танилцан хяналт шалгат хийж гүйцэтгэгчид төлөвлөгөөний дагуу ажлаа эрчимжүүлэн механизм нэмэгдүүлж ажиллах үүрэг даалгавар өгч, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах зөвлөмж зааварчилгаа өгсөн байна. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ