БНХАУ 2020 он гэхэд ядуурлаас бүрэн гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРБНХАУ-ын Коммунист намын Төв хорооны тавдугаар бүгд хурлаар “Хятадын нийгэм эдийн засгийн 13 дахь 5 жилийн төлөвлөгөө”-ний санал, зөвлөмж гаргаж, баталжээ. Өнөөдөр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Шень Чун Яо уг төлөвлөгөөг танилцууллаа.
Уг санал зөвлөмжийг БНХАУ-ын дарга Си Зинпиний шууд удирдлага дор ажлын хэсэг гаргаж боловсруулжээ. Уг санал зөвлөмжид 2016-2020 онд БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжил, баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан байна.
Ажлын хэсгээс БНХАУ-ын 12 дахь удаагийн 5 жилийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжсэн хэмээн дүгнэж, ирээдүйн хөгжлийн нөхцөл, боломжийг судалж үзжээ. 12 дахь төлөвлөгөөний хүрээнд БНХАУ-ын эдийн засаг жилд дунджаар 7.8 хувиар өсчээ. БНХАУ-аас 21 дүгээр зууны эхний 20 жилд дундаж, чинээлэг нийгмийг бүрдүүлэх зорилт тавьсан. Уг зорилтыг биелүүлэхэд ирэх таван жилд идэвхтэй ажиллах нь чухал гэдгийг Шень Чун Яо мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр, Хятадын эдийн засгийн хөгжил шинэ, байнгын байдалд шилжин орсон. Тиймээс Коммунист намын Төв хорооноос “Бүх нийтээр эдийн засгийн хөгжлийн шинэ, байнгын байдлын талаар мэдлэгтэй болж, түүнд дасан зохицож, чиглүүлэх хэрэгтэй” гэсэн уриалга гаргасан.
Ирэх таван жилийн төлөвлөгөөнд эдийн засгийн өсөлтийн хурдыг дундаас өндөр болон харьцангуй өндөр түвшинд барина гэж тусгасан. Мөн аж үйлдвэрийн хөгжлийг дундаас илүү түвшинд байхаар төлөвлөж байна. 2020 он гэхэд БНХАУ-ын ДНБ болон хот, хөдөөгийн иргэдийн орлогын хэмжээг 2010 оноос 2 дахин нэмэгдүүлэх юм. Үүний тулд эдийн засгийн өсөлт 6.5-7.2 хувиас дээш байх ёстой. 2013 оны байдлаар манай улсын эдийн засгийн хэмжээ 10.4 их наяд ам.долларт хүрсэн нь нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 7800 ам.доллар гэсэн үг. 2020 он гэхэд бидний зорилго биелэх юм бол БНХАУ-ын нийт эдийн засаг 17 их наяд ам.долларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 12 мянган ам.доллар болно. Ингэснээр Дэлхийн банкны өндөр орлоготой улсын жагсаалтад орно гэсэн үг.
БНХАУ 1 тэрбум 300 сая гаруй хүн амтай бөгөөд үүний 55 хувь нь хот, суурин газарт ажиллаж байна. Мөн 70 сая ядуу иргэн амьдарч байгаа бөгөөд ирэх таван жилд ядуурлыг бүрэн арилгах зорилт тавьжээ. БНХАУ-ын зорилго, зорилт өндөр, хийх ажил их байгаа ч бид төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
БНХАУ-ын Коммунист намын Төв хороо өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн бодлогодоо тулгуурлсан шинэ хөгжлийн үзэл баримтлалтай болох нь зөв гэж үзсэн. Тиймээс Инновацид тулгуурласан хөгжил, Харилцан уялдаатай хөгжил, Ногоон хөгжил, Нээлттэй хөгжил, Хүртээмжтэй хөгжил гэсэн 5 үзэл баримтлал бүхий Хөгжлийн бодлого боловсруулжээ.
Шень Чун Яо дээрх таван үзэл баримтлалыг танилцуулахдаа, “Өмнө нь БНХАУ-ын хөгжил ихэвчлэн газар, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, ажиллах хүч зэрэгт тулгуурладаг байсан. Тиймээс энэхүү бодлогыг өөрчилж, инновацид тулгуурлан хөгжих нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлэн алхах зам болно хэмээн Коммунист намын төв хороо үзсэн.
Хот хөдөө болон эдийн засаг, нийгмийн хамгааллын тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Харилцан уялдаатай хөгжих ёстой.
Хүн ба байгалийн зохистой харилцааг хангах үүднээс ногоон хөгжлийг чухалчилж байгаа. Өмнө нь зөвхөн байгалийн баялгийг ашигладаг байсан бол ирээдүйд байгаль дэлхийг хайрлаж, ногоон хөгжлийг дэлгэрүүлэхэд илүү их хүч гарган ажиллах болно.
БНХАУ-ын дотоодод үүсээд буй нөхцөл байдал, олон улсын хөгжлийн боломжийг ашиглах чиглэлд анхаарах зорилгоор Нээлттэй хөгжил үзэл баримтлалыг боловсруулсан. Өнгөрсөн таван жилийн төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн нь нээлттэй бодлого хэрэгжүүлж, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхсантай нягт холбоотой.
БНХАУ-ын хөгжлийг ард түмэнд илүү хүргэх зорилгоор Хүртээмжтэй хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн улс хөгжих бус ард түмний сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх юм. Цаашид хүний эрхийг дээдлэх болно” хэмээв.
Танилцуулах уулзалтад УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ж.Батсуурь, Г.Батхүү, Д.Тэрбишдагва болон УУЯ, БОНХАЖЯ, ЭХЯ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, нам, эвслийн төлөөллүүд оролцлоо.
БХАТХ-ын Байнгын хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Шень Чун Яогийн танилцуулгын дараа зочид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Зарим олон улсын цахим хуудсанд БНХАУ-ын гадаад өр ДНБ-ний 160 хувьд хүрсэн. Ирэх 5 жилд 220 хувьд хүрнэ гэсэн мэдээлэл гарсан. Тэгэхээр ДНБ-ний өсөлтөө хэрхэн хангах вэ. Энэ нь Монгол Улстай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх үү?
-2011-2014 оны хооронд БНХАУ-ын эдийн засгийн дундаж өсөлт 8 хувьтай байсан. Тиймээс эдийн засгийн хөгжил шинэ түвшинд хүрсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ оны эхний улиралд эдийн засгийн өсөлт 7 хувь, хоёрдугаар улиралд 6.5 хувь гэх мэтээр бага багаар буурч байгаа. Бид үүнийг тайван байдлаар хүлээн авч, дасан зохицож байгаа. Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас манай улсын эдийн засгийн хөгжилд өөр өөр дүгнэлт хийдэг. Үүнийг бас харгалзаж үзэх хэрэгтэй.
БНХАУ-ын хувьд 5 жилийн төлөвлөгөөндөө томоохон төслүүдийн талаар төлөвлөдөг ч улс бүрийн бодлого өөр учир биднээс шалтгаалахгүй олон асуудал гардаг. Манай улсын хувьд томоохон төслүүдийг эртнээс буюу 5-10 жилийн өмнөөс төлөвлөдөг. Тиймээс одоо нэг том төсөл эхлүүлэхээр төлөвлөлөө гэхэд үр дүн нь 5-10 жилийн дараа гарах юм.
-“Талын зам” төслийг хэрэгжүүлэх талаар 5 жилийн төлөвлөгөөндөө тусгасан уу?
-БНХАУ “Нэг бүс Нэг зам” төсөл санаачилсан. Уг санаачлагыг нэлээд урт хугацаанд хэрэгжүүлнэ. Төсөл амжилттай хэрэгжсэнээр улс хоорондын худалдаа, иргэдийн харилцан зорчих боломж бүрдэнэ гэж харж байгаа. “Талын зам” төслийг хэрэгжүүлэхэд зөвхөн Монгол, БНХАУ төдийгүй ОХУ-ын эрх ашгийг ч харгалзаж үзэх ёстой. Тиймээс уг төслийг хэрэгжүүлэхэд бүх талын оролцоог хангаж, шинжлэх ухааны тооцоо, судалгаанд тулгуурлан хэрэгжүүлэх хэрэгтэй.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ