Я.Сувдмаа: Нийтийн хоолны салбар зүгээр л урсгалаараа явж байсан даа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-28 14:36:32
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн нийтийн хоолны салбарт хүчин зүтгэж буй тогоочдыг нэгтгэн, 2001 оноос хойш удирдан чиглүүлж яваа Монголын Тогооч нарын холбооны Говь-Алтай аймаг дахь салбарын дарга Я.Сувдмаатай баг хамт олных нь ололт амжилт, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд хийгээд ойрын үед хийх их үйлсийнх нь тухай онцлон ярилцсан юм. Тус холбоо нь  байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй орон нутгийн шилдэг холбоо юм. 
 
-Сайн байна уу. Хоёулаа энэхүү ярилцлагаа таны удирдан чиглүүж буй Говь-Алтай аймгийн Тогооч нарын холбооны танилцуулгаар эхэлье?
-Сайн байна уу. Говь-Алтай аймгийн Тогооч нарын холбоо нь 2001 онд 120 гишүүнтэйгээр анх үүсэн байгуулагдсан. Миний хувьд 1997 онд аймгийнхаа Мэргэжлийн хяналтын газарт Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хяналтын улсын байцаагчаар ажилд ороод удаагүй байхдаа Тогооч нарын холбооны салбар зөвлөлийн үнэмлэхийг гардан авсан.  Тухайн үед орон нутгийн МХГ-ын  хариуцсан байцаагчийг энэхүү албанд томилсон юм. Тэр цагаас өнөөдрийг хүртэл энэ ажлыг хариуцан ажиллаж байна.   
Холбооныхоо ажлыг эхний жилүүдэд тийм ч идэвхтэй хийгээгүй, өөрийн ажлын ачаалал тэр үед их байсан болохоор нэр төдий байсан гэхэд хэлсдэхгүй. Гэхдээ холбоогоо дотоод дүрэм, журамтай болгож тэргүүлэгчээр нь 6 хүн ажиллаж байсан. Өдгөө Тогооч нарын холбоо маань 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Энэ хугацаанд  холбооны 10 жилийн ойгоо 2011 онд, 15 жилийн ойгоо 2016 онд баг хамт олонтойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. 2013 онд аймгийнхаа Засаг дарга, түүний Тамгын газар, ХХААГазартай хамтран аймгийнхаа хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан.
Манай тогооч нарын холбоонд одоогоор аймгийн төв, хөдөөд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний байгууллагын гал тогоо бүхий газруудын тогооч нар, хувийн хэвшлийнхэн гээд нийт 150 орчим хоол үйлдвэрлэгчид харьяалагдаж байна.

 
-Говь-Алтай аймгийн Тогооч нарын холбооны үүсэн байгуулагдсанаасаа хойш 20 гаруй жилийн хугацаанд ололт амжилт, саад бэрхшээлтэй тулгарч л байсан байх. Сайнаасаа саар нь их гэдэг дээ, ямар амжилтуудыг гаргаад байна вэ?
-Манай холбооны хамт олон өнгөрсөн хугацаанд аймаг, бүс, улсын болон Олон улсын чанартай тэмцээн уралдаануудад амжилттай  сайхан оролцсон. Тодруулбал энэ оны зургаадугаар сард “Баруун бүсийн аварга тогооч, зөөгч” шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан, сургалт, урлаг, спортын үйл ажиллагааг орон нутагтаа амжилттай зохион байгуулсан. Манай аймгийн тогооч нар ажил мэргэжлийн уралдаануудад төрөл тус бүрт амжилттай оролцож 5 төрөлд алт, 6 төрөлд мөнгөн медаль, 4 төрөлд хүрэл медаль, 9 төрөлд тусгай байрын шагнал хүртэж, “Андууд” баг “Багийн шилдэг гранпри” Мөнгөн медаль, урлагаар шилдэг цом, спортын арга хэмжээнд алт, мөнгөн медаль, “Халтар арвайн печень” орон нутгийн брэнд бүтээгдэхүүний батламж гардан авч амжилт дүүрэн байлаа. Түүнчлэн Турк улсын Измир хотод зохион байгуулагдсан мэргэжлийн тогооч нарын ажил мэргэжлийн уралдаанд Есөнбулаг сумын Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн тогооч Т.Болорцэцэг, “Андууд” зоогийн газрын тогооч Д.Лхамбүтэд нар Монгол Улсынхаа нэр хүндийг тэр тусмаа Алтай нутгийнхаа нэрийг алдаршуулан амжилттай оролцоод ирсэн. Д.Лхамбүтэд “Монгол хоол”-ны төрөлд Алтан медаль, “Туна” загасан хоолны төрөлд Хүрэл медаль, “Хурганы махан хоол”-ны төрөлд тусгай байр, Т.Болорцэцэг “Монгол хоол”-ны төрөлд Хүрэл медаль, “Модерн хоол”-ны төрөлд Хүрэл медаль, “Хурганы махан хоол”-ны төрөлд тусгай байрт тус тус шалгарлаа.
Манай холбоо жил бүр аймгийн аварга тогооч шалгаруулах уралдааныг тогтмол зохион байгуулж хэвшсэн. Мөн улсын аварга тогооч шалгаруулах уралдаанд 2001 оноос хойш тасралтгүй оролцож тус уралдаанаас У.Дархижав, Ц.Мөнхцэцэг, З.Отгон, Д.Лхамбүтэд, Д.Оюунгэрэл, Н.Оюун, Х.Баярсайхан, Д.Заяа, Б.Гантуяа, Д.Сүхээ, Д.Долгормаа, Т.Сарантуяа, Ц.Мөнхжаргал, Б.Сарангэрэл, О.Батцэрэн, Ү.Оюунчимэг, О.Нарантуяа нар алт, мөнгө, хүрэл медаль, тусгай байрын шагнал, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналуудыг удаа дараалан авч өөрсдийн мэргэжлийн ур чадвар, хоолны технологи ажиллагааны дэвшилд суралцаж, тогооч нарын маань ур чадвар дээшилж аймагтаа 20 жил тасарсан “Монгол улсын мастер тогооч” хэмээх эрхэм хүндтэй цолыг У.Дархижав 2002 онд,  Ц.Мөнхцэцэг 2007 онд, Дөл хоолны газрын тогооч З.Отгон 2014 онд тус тус хүртэж амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Өнгөрсөн хугацаанд Төрийн дээд одон Алтан гадас одон 1, Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан 21, Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан 18, хүндэт жуух 16, МТНХ-ны тогоочийн алдар одон 25, Залуу тогооч алтан медалиар 18 тогооч тус тус шагнуулсан байна.
 
-Тэгвэл тулгамдаж буй асуудал юу байна. Өөрөөр хэлбэл өөрчилж сайжруулах зүйл гэвэл?
-Хоол үйлдвэрлэгчдэд маань хоол үйлдвэрлэлийн явцад маш олон бэрхшээл тулгарсаар байгаа. Үүнийг улсын зөвлөгөөнөөр ч тодорхой ярилцаж гарсан зөвлөмжүүдийн хүрээнд МТНХ-ны дэргэд ҮЭ-ийн хороо байгуулагдсан. Энэ нь тогооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болно гэж үзэж байгаа. Мөн тусгай мэргэжлийн баг ажиллаж нийтийн хоолны газруудад одоо мөрдөж байгаа стандарт, дүрэм журмууд нь олон жилийн өмнө гарсан учир зайлшгүй өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Жишээлбэл: ЕБС-ийн ажлын норм, нормчлолоор 65 хүүхдэд нэг тогооч ажиллах ёстой гэсэн байтал тогооч туслах тогооч, бэлтгэгч, угаагч, үйлчлэгчийн орон тоогүйгээр 65 хүүхдийн хоолыг бэлтгэж, тэдний аяга, таваг, сав хэрэгслэлийг өдөрт 4 удаа угааж цэвэрлэдэг. Байрын багш, номын санч, сургуулийн эмч нар 5 жилийн тэтгэлэгт хамрагддаг байхад өглөө хамгийн эрт ирж, бүх ажилчид тарсан хойно гэрийн бараа хардаг тогооч нар маань энэ тэтгэлэгт хамрагддаггүй. Төрийн үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа мэргэжлийн тогооч 1, 2, 3 дугаар зэргийн нэмэгдлийг Засгийн газрын 1996 оны 95 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтад заасны дагуу авах ёстой байдаг. Мөн мэргэжлийн эмчийн үзлэгт орох, сургалт семинарт оролцсон тохиолдолд тэр байгууллагын ажилтны хувьд томилолт авах ёстой ч энэ бүхэнд тухайн байгууллагын дарга эрхлэгч, захирлууд хойрго хандаж тэднийг мэргэжил дээшлүүлэх, сургалт, семинар, тэмцээн   уралдаанд  оруулах, ажил хөдөлмөрийг нь үнэлж шагнал урамшуулалд тодорхойлох нь ховор. Үүнд анхаарч шийдвэрлэх ажил олон байна. Эдгээр зайлшгүй шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэхэд МТНХолбооны Ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд санаачилгатай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байгаа.
Аймгийн холбоо орон нутгийнхаа хоол үйлдвэрлэгч нарынхаа ажлын  байрны нөхцөл, тэдэнд тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлаар 18 сумын ЗДТГ-ын дарга, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн захирал, эрхлэгч зэрэг удирдлагын хүрээнд уулзалт ярилцлага хийж тогооч нарынхаа нийгмийн асуудалд анхаарч ажилласан нь үр дүнтэй ажил боллоо.  Мэргэжлийн зэргийн нэмэгдэл, баяр ёслолын өдрүүдэд ажилласан илүү цагийн хөлс олголт, албан ажлын томилолт, ажлын байранд ээлжгүйгээр ажилладаг, ажлын ачаалал ихтэй учраас ажлын байрны эрүүл ахуйн дэглэм алдагддаг, хоол үйлдвэрлэлийн хэсгийн агааржуулалт, уур татагч байхгүй, байгаа нэгийнх нь хүчин чадал нь хангалтгүй, хүнсний бүтээгдэхүүний хангамж хүрэлцээ муутай зэрэг олон зөрчлүүдийг аймгийн МХГазар, Стандарт хэмжил зүйн төвтэй хамтран ажилласны үр дүн гарч төрийн байгууллага, ТББ-ын хамтын ажиллагааны уялдаа холбоо сайжирч байгаад баяртай байна.
 
-Танай холбооныхон ямар бодлогод зангидагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь гишүүдээ холбооныхоо үйл ажиллагаанд хэрхэн татан оролцуулдаг вэ?
-Нийтийн хоолны салбар Хүнс хөдөө аж ахуйн яамны харьяанд байдаг боловч тодорхой бодлого чиглэл хангалтгүй санагддаг. Яагаад гэвэл нийтийн хоолны асуудал хариуцсан мэргэжлийн баг ажилладаггүй, орон нутгийн ЗДТГ, ХХААГазарт энэ чиглэлийн мэргэжлийн хэлтэс, тасаг байдаггүй. Миний хувьд энэ салбарт хүнсний аюулгүй байдлыг хангасан мэргэжлийн баг ажиллаж бодлого чиглэл, хууль, дүрэм, журам, нийтийн хоолны газрын стандартыг боловсруулан үндэсний хоол үйлдвэрлэлийн чиглэлд анхаарлаа хандуулах ёстой гэж би ойлгож явдаг.
МТНХолбоо, аймаг орон нутгийн салбар зөвлөлүүдэд ажиллаж байгаа дарга, тэргүүлэгч нар ямар ч цалингүй. Энэ салбараа гэсэн чин  сэтгэлтэй хэсэг хүмүүсийн хичээл зүтгэлийн хүрээнд 23 дахь жилдээ ажиллаж байна.  Тус салбарыг үүсгэн байгуулж 20 гаруй жил удирдан зохион байгуулж ирсэн (Худалдаа Бэлтгэлийн Яамны сайд асан) Ж.Октябрь  (Ph.D) багшаа дурсах нь зүйтэй гэж бодож байна. Багш маань үнэхээр нийтийн хоолны салбартаа "номер нэг" хүн байсан юм. Өнөөдөр энэ салбарт сэтгэлтэй холбооны дарга, тэргүүлэгчид, гишүүд дэмжигчдийнхээ итгэл, сэтгэл дээр л тулгуурлан ажиллаж байна. Цаашдаа энэ салбарт ажиллаж байгаа хоол үйлдвэрлэгч нарынхаа нийгмийн асуудалд онцгой анхааран ажиллах шаардлага зүй ёсоор гарч байгаа учраас орон нутагт ажиллаж байгаа тогооч нарын холбоо  дэргэдээ ҮЭ-ийн хороо, хяналтын баг ажиллуулж байгаа.

-Нийтийн хоолны салбарт ажиллаж байгаа хүмүүс бол маш их хариуцлагыг нуруундаа үүрдэг. Энэ салбарынхаа хойч үе болсон шинэ залуу тогооч нарыг бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэхэд аймгийн Тогооч нарын холбоо хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Нийтийн хоолны салбар бол хамгийн хүнд салбар, хүмүүс мэргэжилгүй байж энэ салбарыг ажиллуулах сонирхолтой байдаг. Энэ мэргэжлийг төгс эзэмшсэн, дээрээс нь маш их ур чадвар, авьяас шаардсан, эрсдэлтэй, хувь хүнээс сайхан сэтгэл, уйгагүй хөдөлмөр шаардсан хүнд хэцүү хөдөлмөр. Энэ ч утгаараа манай улсаас бусад улс оронд тогоочийн мэргэжлийг эрчүүд зонхилон эрхэлдэг. Сүүлийн үед  Улаанбаатар хотын томоохон сүлжээ зоогийн газруудад эрэгтэй тогооч нар элбэгшиж байгаа. Улсын чанартай уралдаан тэмцээнд оролцож байгаа тогооч нарын  30-40 хувь нь эрчүүд эзэлж байна. Мөн гадаад орнуудад зохион байгуулж байгаа уралдаанд ихэвчлэн эрэгтэй тогооч нар оролцож  алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байгаа шүү. Би ажилгүй залуусыг тогооч, зөөгчийн мэргэжлийг сонгож өөрсдийн авьяасаа нээж өв тэгш хүмүүжилтэй болоосой гэж хүсдэг, залуус их л залхуу болж байгаа нь ажиглагддаг. Манай аймгийн тогооч нарын холбооны хувьд  залуу тогооч нараа дэмжиж төрөл бүрийн сургалтад хамруулах, аймаг, бүсийн болон улсын чанартай тэмцээнүүдэд оролцуулах, туршлага судлах ажлыг тогтмол зохион байгуулдаг. Цаашдаа ч гэсэн залуучуудаа дэмжин ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа.         
  
-Сүүлийн жилүүдэд “Хоол-Урлаг” болтлоо хөгжиж байна. Үүнийг орон нутагтаа төлөвшүүлэх, хөгжүүлэх үйлсэд та бүхний оруулж буй хувь нэмэр маш их. Орон нутгийн зүгээс дэмжиж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Тогооч хүн гэдэг жор, технологийн нэвтэрхий толь байх ёстой. Харамсалтай нь бид яг ийм мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэж байна уу гэвэл учир дутагдалтай. Өнөөдөр Монгол улсад үндэснийхээ хоол, хүнсний бүтээгдэхүүнийг судалж, цэвэр хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах, боловсруулах, үйлдвэрлэхэд юу хийгээд байгаа нь мэдэгддэггүй. Сүүлийн үед махаа багасга, ногоо, жимс ид, өөх идэж болохгүй гээд өөрийн орныхоо цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэхээ багасга гэх уриалга гаргаж буй  эрдэмтэн, докторуудыг хараад харамсдаг. Манай улс нийтийн хоолны салбараа зүгээр л урсгалаар нь орхисон, хүнсний аюулгүй байдал гэж худлаа ярьдаг, хууль хяналтаар далайлгадаг улс болоод байгаа юм шиг санагддаг.

-Төрийн байгууллагын хийх ажлыг ИНБ-уудын туршлага мэдлэг, чиг үүрэг, зорилгынхоо хүрээнд  тодорхой хэмжээгээр үүрэлцдэг. Танай холбооны зүгээс энэхүү ажилд гар бие оролцох бололцоогоор хэр хангаж, хамтарч ажилладаг вэ?
-Төрийн нэрийн өмнөөс хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд мэргэжлийн холбоодтой хамтраад хийх ажил их байдаг юм билээ. Манай холбоо орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтарч ажиллах талаараа бусад аймгуудтай харьцуулахад илүү дэвшилттэй байдаг. Энэ нь бид аймгийнхаа үе үеийн Засаг дарга нартай гэрээ байгуулан аймгийн Аварга тогооч шалгаруулах тэмцээн, улсын чанартай мэргэжлийн уралдаан, бүсийн ажил мэргэжлийн уралдаан, дотуур байрны хүүхдийн хоолны чанар, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт гэрээгээр гүйцэтгэх зэрэг ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж тайлан мэдээгээ цаг тухайд нь танилцуулж байна.

-Ойрын үед хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнөөсөө цухас дурдвал?
-Энэ онд Монголын тогооч нарын холбооны 25 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн ажил, арга хэмжээг зохион байгуулна. Ойн арга хэмжээнээс гадна жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн аварга тогооч шалгаруулах тэмцээн болон Шарга, Дэлгэр сумдад бүсийн уралдаануудыг ирэх сард зохиохоор бэлтгэл ажлаа базааж байна. 
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ