Говь-Алтай аймгийн нийт нутгийн 41 хувь нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-28 17:37:13
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг дахь Цаг уур, орчны шинжилгээний төвөөс тус аймгийн 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолон гаргажээ. Тодруулбал, нийт нутгийн 7 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 14 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 41 хувь нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 17 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 21 хувь нь даац олон дахин хэтэрсэн дүнтэй байна.
Өөрөөр хэлбэл Говь-Алтай аймгийн нийт нутгийн 21 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой ба харин нутгийн 79 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт,хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна. Тус аймгийн нийт нутгийг багаар нь авч үзвэл Есөнбулаг сумын нийт нутаг, Цогт сумын Рашаант, Баян-Улаан, Баян-Өндөр, Гэгээт багууд, Бигэр сумын Эхбулаг, Хүрэмт багууд, Чандмань сумын Чандмань-Уул, Эрдэнэ-Уул багууд, Төгрөг сумын Цагаанхайрхан, Мааньт багууд, Тонхил сумын Алтайн-Оргил баг, Дэлгэр сумын Гуулин тосгон, Баян-Уул сумын Баянхайрхан багуудын нутагт даац олон дахин хэтэрсэн бол Дарив сумын Ихэс, Жавхлант, Халиун сумын Олонбулаг, Гүү бариач, Бигэр сумын Буудай, Мянгаа, Чандмань сумын Хүрхрээ, Өлзийбулаг, Хөхморьт сумын Цоохор нуур, Цогт сумын Далан, Төгрөг сумын Тунгалаг, Тайшир сумын Галуут, Тонхил сумын Зүйл багуудад 3-5 дахин хэтэрсэн, Цээл, Шарга, Жаргалан сумын нийт нутаг, Дэлгэр сумын ихэнх нутаг /Баянбуурал, Баянхайрхан, Баян-Өндөр, Баянхонгор багууд/, Баян-Уул сумын Баянговь, Баянбогд, Чандмань хайрхан багууд, Тайшир сумын Далан, Хуримт багууд, Хөхморьт сумын Завхангол, Сангийн далай багууд, Тонхил сумын Тамч, Бүс-Уул, Төгрөг сумын Төгрөгийн эх, Хүрэнгол, Бугат сумын Ферм, Цогт сумын Төгрөг, Эрдэнэ сумын Цагаан-Уул, Бигэр сумын Урт, Дарив сумын Хужирт багуудын нутгаар даац 1-3 дахин хэтэрсэн нь мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна. Иймээс хадлан өвс бэлтгэх, тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг Цаг уур, орчны шинжилгээний төвөөс малчдад зөвлөж байна.
Энэхүү бэлчээрийн даацын тооцооллыг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн гаргажээ.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ