Олон улсын Авлигын эсрэг өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-12-09 15:00:56

НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр болгон тунхагласан. Энэ өдрийг энэ жил "Авлигын гинжийг тасалцгаая" уриан дор тэмдэглэж байна.

Монгол Улсын АТГ-ын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболд энэ өдрийн "Мэндчилгээ"-г хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд уламжилсан юм.

Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцыг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг бөгөөд Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталснаар нэгдэн орсон билээ. Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад албан ёсоор өргөн хүрээнд ес дэх жилдээ НҮБ-аас зарласан “Авлигын гинжийг тасалцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах, идэвх санаачилгыг өрнүүлэх чиглэлээр үр дүнтэй олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хээл хахууль, хүнд суртлаас ангид төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж, шударга ёсны манлайллыг салбар бүртээ, байгууллага дотооддоо нэвтрүүлж буй тэргүүний арга туршлагыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах арга хэмжээг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэгэн хэсэг болгон авч үзэх нь зүйтэй юм. Төрийн албанд байгаа сайн үйл ажиллагааг улам олон болгоё, түгээн дэлгэрүүлье, хүрээг нь тэлье гэсэн зорилгын үүднээс “Шударга ёсны төлөө-2015” уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулж дүнгээ гарган, манлайлагчдыг урамшууллаа. Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгад нэгдсэн бүс нутгийн 31 улсын авлигатай тэмцэх байгууллагуудын төлөөлөгчид оролцсон олон улсын хурлыг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын Төр, Засгаас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааг олон улсын түвшинд сайшаан дэмжиж байгаа нь энэхүү томоохон арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулах нэгэн үндэс шалтгаан болсон юм. Авлигын эсрэг санаачилгын бүс нутгийн 13 дахь удаагийн семинар, Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалтын үеэр Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг бүс нутагтаа загвар болж байна хэмээн үнэлснийг баяртайгаар тэмдэглэн хэлье. Олон нийтэд авлигыг жигших сэтгэл зүйг төлөвшүүлэх, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй болгон, нийгэмд шударга ёсыг баталгаажуулж, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, бурууд хурц байх төрийн хуулийг дээдлэн хэрэгжүүлэх үйлсэд Авлигатай тэмцэх газартай хамтран ажилладаг бүх байгууллага, албан тушаалтан, иргэд, олон нийтэд Авлигын эсрэг олон улсын өдрийн мэндчилгээ дэвшүүлж, халуун талархлаа илэрхийлэхийн ялдамд авлигагүй нийгмийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна гэж  АТГ-ын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболд мэндчилгээндээ онцолсон байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ