Өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэж үзэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-09 16:44:07

Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрхэд халдсан гэж Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар тогтоолоо. 

Дээрх хуулийн заалт “Иргэн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан. Харин уг дүгнэлтийг УИХ хэлэлцээд хүлээн зөвшөөрөөгүй тул маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр Үндсэн хуулийн цэц их суудлаар өнөөдөр хуралдлаа.
Хуралдаанаар Ипотекийн зүйлийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, давхар барьцаалах, барьцаалсан газар дээр барилга, байгууламж барих нь тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөхгүй бөгөөд барьцааны зүйлийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, эрсдэлээс хамгаалах боломжийг Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар тогтоосон гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.
Мөн Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтаар барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэж Үндсэн хуулийн цэц үзэж холбогдох тогтоол гаргалаа. 
 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ